МАН- ын Бага хурал Тусгаар тогтнолын ордонд хаалттай үргэлжилж байна. Дөнгөж сая тус хурлаар УИХ-ын дарга М.Энхболд өөрийн хүсэлтээр ажлаа өгөх нь зүйтэй гэсэн МАН-ын Удирдах зөвлөлийн тогтоолыг баталлаа.

21.00 цагийн үед Бага хурал завсарлаж, Удирдах зөвлөл хуралдаж эхэлсэн юм. Удирдах зөвлөлийн хурлаар УИХ-ын даргыг өөрөө хүсэлтээ өг гэсэн боловч М.Энхболд дарга уг саналыг хүлээж аваагүй аж.

Тиймээс Удирдах зөвлөл хуралдаж, түүнийг огцруулах нь зүйтэй гэсэн тогтоол боловсруулж, Бага хурлын гишүүдээс санал авсан байна. Ингэснээр Бага хурлын гишүүдийн олонх буюу 95 хувь нь УИХ-ын дарга өөрийн хүсэлтээр ажлаа өгөх өргөдлөө өгөх нь зүйтэй гэж үзжээ.

Бага хурал өглөө 66 хувийн ирцтэй эхэлсэн ч зарим гишүүд Бага хурал дээр УИХ-ын даргын тухай асуудлыг хэлэлцэж, санал хураалт явуулах нь хууль зөрчсөн үйлдэл хэмээгээд хурлаа орхин явсан юм.

Одоогоор хуралд яг хэдэн гишүүн оролцсоноос 95 хувь нь дээрх тогтоолыг дэмжсэн нь тодорхой биш байна.

Бага хурал үргэлжилж буй бөгөөд өнөөдрийн хурлаар 4 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх байсан ч эхний нэг асуудлаа өглөөнөөс хойш нэлээд ширүүн хэлэлцэж буй нь энэ юм.