УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлт, Монгол Улс саарал жагсаалтад орсон гэсэн хоёр асуудлыг хэлэлцжээ. Хуралдааны талаар МАН-ын бүлэг мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Өнөөдрийн хурлаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг цаашид яах вэ гэдгийг хэлэлцлээ. Улмаар гуравдугаар хэлэлцүүлэгт оруулах нь зүйтэй гэж үзсэн. Гуравдугаар хэлэлцүүлэгт орсны дараа АН-тай завшилцөх зүйл мэдээж байгаа. 

Монгол Улс Мөнгө угаах терроримтой тэмцэх олон улсын санхүүгийн байгууллагын хяналтад орсон. Бид үүнийг "Саарал жагсаалт" гэж ярьж буй. Энэ асуудлаар Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Засгийн газар, холбогдох хүмүүсийн мэдээллийг МАН-ын бүлэг хэлэлцсэн" хэмээв.

Дараа нь Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Монгол Улс Мөнгө угаах, тероризмтой тэмцэх олон улсын байгууллагад 2004 онд элссэн. Үүнээс хойш хамтын ажиллагаа өрнүүлээд явж буй. Хамгийн сүүлд 9 хүний бүрэлдэхүүнтэй баг 2013-2016 оны үйл ажиллагаанд үнэлгээ хийсэн. Үнэлгээ хийгээд 2017 оны 5 дугаар сард ФАТФ-ын хяналтад оруулсан. Энэ сарын 18-нд ФАТФ Монгол Улсыг зарлаж буй процесс бол хяналтад оруулсныгаа шалгаж, тайлангуудыг нь үзсэний эцэст албан ёсоор зарлаж буй үйлдэл юм.

ФАТФ гишүүн орнууддаа "саарал жагсаалтад оруулж зарласан улсуудад ямар нэгэн хориг арга хэмжээ авахыг гишүүн улсуудаас шаардахгүй. Эдгээр улстай хамтын ажиллагаатай байгаа бол хяналтад байгаа гэдгийг харгалзан үзэж болно" гэсэн мэдэгдэл өгсөн. Тиймээс олон нийт яриад байгаа шиг картын, олон улсын төлбөр тооцоо зогсох, манай улсад валютын урсгал орж ирэхгүй болно гэсэн болгоомжлол байх хэрэггүй. Ийм зүйл болохгүй.

Яагаад гэвэл Монгол Улсын талаарх дүгнэлт 2017 онд гарсан учир тухайн үед манай улсыг эрсдэлтэй гэж үзсэн банкууд харилцаагаа зогсоочихсон. Одоо цөөн хэдэн банктай харилцаж байгаа. Тэдгээр банкууд Монгол Улсыг хяналтад байгаа гэдгийг мэдэж үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тиймээс дахиж эрсдэл гарахгүй гэж Монголбанк үзсэн. Мөн Монголбанкнаас өчигдөр гаргасан мэдэгдэлд өөр нэг зүйл дурдсан нь "Монгол Улсын эдийн засаг 6.7 хувиар өсөж байна. ОУВС, Дэлхийн банк зэрэг байгууллагууд энэ өсөлтийг өөрчлөгдөхгүй байх гэж төлөвлөж, мэдээлсэн. 

Дээр нь Монгол Улсын энэ жилийн төсөв ашигтай гарах төлөвтэй байгаа. Худалдаа, төвлөрлийн тэнцэл ашигтай гарахаар байна. Мөн Монголбанкин дахь валютын нөөц нэмэгдэж буй учир эдийн засагт ямар нэгэн доргио болон ханшны дарамт үүсгэхгүй. Төгрөгийн ханш сулрах нөхцөл бүрдээгүй" гэж харж байгаа. Иймд дэмий хоосон сандарч, валютын ханшинд дарамт үзүүлэхгүй байхыг Монголбанк олон нийтэд уриалсан" хэмээн хэллээ.