Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, продюсер Б.Чинбатын эмчилгээний зардалд зориулж 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэлээ. 

Мөн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл тушаал гаргаж, таван сая төгрөгийн дэмжлэг олгохоор шийдвэрлэсэн байна.

Б.Чинбат нь элэгний хатуурлын улмаас яаралтай мэс засалд орж, түүний гэргий, дуучин Ц.Сарнай донор болсон. Хагалгаа амжилттай хийгдсэн ч хагалгааны дараах эмчилгээний зардал өндөр байгаа нь эрсдэл үүсгээд буй юм. 

Тэдний мэс заслын дараах эмчилгээнд зориулан "Хос зүрхийг хамгаалъя" хандивын үйл ажиллагааг эхлүүлээд буй. Аяны хүрээнд рок попын уран бүтээлчид нэгдэн "NICITON & Friends" хандивын тоглолт хийхээр бэлтгэл ажилдаа оржээ.