Монгол Улсын хилээр 2020 оны 4 дүгээр сарын 01-нээс хойш орж ирсэн автомашины гаалийн мэдээлэл, түүхийг өнөөдрөөс эхлэн "Ибаримт" аппликейшнаар харах боломжтой болсон талаар холбогдох албаныхан өнөөдөр мэдээлсэн. 

Тодруулбал, тухайн машин Монгол Улсын хилээр орж ирэхдээ хэдэн км зам туулсан, үерт орсон, осолдсон эсэх, ямар гэмтэлтэй, ямар улсаас аль боомтоор орж ирсэн, хэдэн онд үйлдвэрлэгдсэн болон монголд орж ирсэн он сар, өдрийг тус мэдээлэлд харуулах аж. /Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу./

Дээрх мэдээллийн үеэр ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ "Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд бүртгэлтэй нийт 935.000 тээврийн хэрэгсэл байна. Үүний 735.000 нь хөдөлгөөнд оролцож буйгаас 76 хувь нь 10 болон түүнээс дээш жилийн насжилттай байна. Нийт тээврийн хэрэгслийн 3 хувь нь 0-3 жилийн насжилттай, мөн 3 хувь нь 3-6 жилийн насжилттай, 16 хувь нь 6-9 жилийн насжилттай. Үлдсэн нь хуучин болон хэт хуучин буюу 10 жилээс дээш насжилттай тээврийн хэрэгсэл юм.

2019 онд Монгол Улсын хилээр нийт 69.000 тээврийн хэрэгсэл орж ирсний 85-93 хувь нь хуучин буюу хэт хуучин тээврийн хэрэгсэл байна. 

Иргэд гадааддаа осолдсон, үерт орсон, цацрагийн бүсээс ирсэн тээврийн хэрэгслийг мэдэхгүйгээр худалдан авдаг. Борлуулж буй хүн нь монголд яваагүй "шинэ" гэж хэлээд л гагнаж, угсраад худалдаалдаг процесс их байна. Энэ нь хэрэглэгчийг төөрөгдүүлж буй систем юм. Иймд бид Сангийн яамны харъяа Гааль, татвар, мэдээллийн технологийн төвд  хүсэлт тавьсаны үндсэн дээр энэ мэдээллийг Ибаримт системтэйгээ холбож, өнөөдрөөс албан ёсоор ашиглалтад оруулж байна.

Бүртгэгдсэн байдлаас харахад машинуудын ихэнх нь осолдсон автомашиныг Монголд оруулж ирээд Вьеатнам авто засвараар засуулаад, Монгол явж байгаагүй гэдэг утгаар нь дугаар аваад, шинэ тээврийн хэрэгсэл гэж иргэдэд худаалдаг систем явж байна. Иймд иргэд авах гэж буй машиныхаа мэдээллийг шалгаж үзээд, эвдэрч, осолдсон түүхтэй байвал худалдаж авахгүй байх хэрэгтэй. 

Бид энэ мэдээллийг нээж өгснөөр сэлбэг нэрээр орж ирээд угсрагдсан машиныг худалдаж авах уу, амь нас, бусад эрсдэлээ тооцоолоод өөр машин худалдаж авах уу гэдэг асуудлыг иргэдэд тодорхой, нээлттэй болгож байна. Худалдаж авах эсэх нь хэрэглэгчийн сонголт" хэмээлээ.