Цагдаагийн ерөнхий газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү "Иргэн н.Осоржамаа "Папараци" сайтад цагдаа хэргийг нь шалгахгүй, удаашралтай байна гэсэн мэдээлэл өгсөн. Энэ дагуу тодруулга өгье.

Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсээс уг асуудалд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Дөрөвдүгээр сарын 14-нд н.Осоржамаа зурагт зэрэг эд зүйл алга боллоо гэсэн гомдол гаргасан. Энэ хэрэгт 1972 онд төрсөн Ц гэгчийг холбогдуулан шалгаж байна. Тиймээс энэ хэрэг хууль, журмын дагуу шалгагдаж, шийдэгдэнэ.

Мөн "автобус дотор халаас ухаж байна" гэсэн бичлэг цацагдаж, энэ хэргийг шалгаж шийдвэрлэсэн үү гэсэн мэдээлэл их явж байна. Энэ нь 2018 онд болсон үйл явдал бөгөөд тухайн үед нь шалгаж, шийдвэрлэсэн.

Энэ сарын 17-ны өөр зариг.мн сайтын сэтгүүлч өөрийн цахим хуудаснаа "22 цаг 24 минутад Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас ирж мэдүүлэг өгч гэж залгаж байна. Ажлын цаг гэж байдаг юмуу" гэж бичсэн байсан. Энэ нь цагдаагийн алба хаагч биш, Баянзүрх дүүргийн харъяат Д гэгч төрийн албан хаагч цагдаагийн нэр барьж, сэтгүүлч рүү худал ярьсныг олж тогтоож, 500.000 төгрөгөөр торгосон.

Иймд хэвлэл мэдээллийн байгууллага, иргэд маань цагдаагийн албан хаагчтай холбоотой мэдээлэл байвал 126 дугаарын утас, ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн фэйсбүүк хуудас, ЦЕГ-ын цахим сайтад ирүүлэх боломжтой. Бид хуулийн хугацаанд шалгаж хариу өгдөг журамтай" хэмээлээ.