МОСКВА. /TASS/. Азид томоохонд тооцогддог “Жемаа Исламия” террорист бүлэглэлийн толгойлогчийг  Индонезын хууль сахиулах байгууллагын ажилтнууд баривчилсан тухай “The Straits Times” сонинд цагдаагийн эх сурвалжийн мэдээллээс иш татан бичжээ.


"Пара Вижаянто гэгч этгээдийг 16 жилийн турш эрэн сурвалжилж байсан бөгөөд өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт Индонезын нийслэл хотын дагуул хот болох Бекаси дахь гэртээ байхад нь баривчилсан.

Түүний гэрээс галт зэвсгүүд илрүүлсэн бөгөөд уран зохиолын номууд, дүрс бичлэгүүдийг хураан авсан” гэж цагдаагийн эх сурвалж мэдээлсэн байна. 

Индонезын хууль сахиулах байгууллагуудын ажилтнууд Вижаянтог 2002 онд Бали аралд үйлдсэн хамгийн цуст халдлага зэрэг хэд хэдэн халдлагыг зохион байгуулсан хэргээр 2003 оноос хойш эрэн сурвалжилжээ. 2002 онд “Жемаа Исламия” бүлэглэлийн террористууд Бали арлын рашаан сувиллын Кута хотод тэсрэх бөмбөг ашиглан хэд хэдэн халдлага үйлдсэн юм. Халдлагуудын улмаас 202 хүн амиа алдаж, 200 гаруй хүн шархаджээ. Амиа алдсан хүмүүсийн 164 нь гадаадын жуулчид байсан юм. Вижаянто нь Малайз, Тайланд болон Филиппин улсад үйл ажиллагаагаа мөн явуулдаг тус бүлэглэлийг 2008 оноос толгойлж эхэлсэн гэж Индонезын тусгай албаныхны үзэж байгаа аж.


Эх сурвалж: Монцамэ агентлаг