"Эрүүл мэндийн салбарын зарим үйл ажиллагаа, тэр дундаа эм, эмнэлгийн хэрэгслийн тендер шударга явагдахгүй байна" хэмээн "Ази фарма" ХХК-иас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр тус компанийнхан "Манай байгууллага эм, эмнэлгийн хэрэгсэл импортлохоор Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн тендерт орсон. Тодруулбал, 2019 оны өндөр өртөгтэй тусламж, үйлчилгээнд шаардлагатай имплант протес, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах нээлттэй тендерт ХБНГУ-ын Владимерлинк үйлдвэрийн протесыг санал болгож оролцсон. 

Гэвч тендертэй холбоотой том алдаанууд гарч, иргэд, даатгуулагч, ААН-үүдийн эрх ашиг, хуулийн заалтуудыг зөрчиж байна.

Даатгуулагч бүрийн төлж буй мөнгө даатгалын санд хуримтлагдаж, иргэд тэндээс шаардлагатай үед тодорхой хувийг эрүүл мэнддээ зориулан авдаг.

Бүтээгдэхүүн худалдан авахад даатгуулагч болон даатгалын сангаас ямар хэмжээний төлбөр гарах вэ гэдгийг жагсаалтаар баталсан байдаг. Гэвч Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл тус жагсаалтыг үл ойшоож, эм, эмнэлгийн хэрэгслийг илүү өндөр үнэтэй байхаар тендер зохион байгуулсан. Илүү өндөр үнэтэй гэдэг нь даатгалын сан болон даатгуулагчаас гарах төлбөр жагсаалтад зааснаас их гарахаар байна. 

Үүнээс гадна төрийн болон орон нутгийн хөрөнгөөр эм болон эмнэлгийн хэрэгсэл худалдаж авах процесс алдагдсан. Тендерийн үнэлгээний хороо тендерийн сонгон шалгаруулалт явах үндсэн зарчмыг баримтлаагүй. Хэн нэгний компанийн үйл ажиллагааг дэмжиж, бусад компаниудад хэтэрхий шударга бусаар үнэлгээ хийсэн.

Гуравдугаар шатлалын эмнэлгүүдийн удирдах албан тушаалтнууд хувийн эрх ашгийг өндөрт тавьж, тендер, тендерийн үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд нөлөөлж байна. Энэ нь эрүүл мэндийн үйлчилгээ авч буй иргэдийн эрх ашгийг зөрчиж байна. 

Улмаар Монгол Улсын эрүүл мэндийн салбарт шинэ дэвшилтэт технологи, эм, эмнэлгийн хэрэгсэл оруулж ирэх шударга өрсөлдөөн алдагдлаа. Ингэснээр чанартай бүтээгдэхүүн орж ирэх бололцоо хаагдаж буй юм.

Тендер шударга явагдах ёстой. Үүнд ААН-үүд санал бодлоо нээлттэй хуваалцаж, алдааг засах процесст идэвхтэй оролцох ёстой. Мөн эрүүл мэндийн салбарын зарим удирдлага энэ салбарын нэр хүндийг унагаж, хийж буй олон төслийг үгүйсгэж, хувийн эрх ашгийг өндөрт тавьж буйг зогсоохыг манай байгууллага уриалж байна" хэмээн мэдэгдлээ.