Химийн хорт бодисын хадгалалт аюултай байдалд хүрээд байгаа талаар ХЭҮК-оос мэдээлэл хийлээ.

Өнөөдөр дэлхийд ашиглагдаж байгаа 11 сая орчим нэр төрлийн химийн бодисоос 10 мянга гаруй нь хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа эсэхэд нь эрсдэлийн үнэлгээ хийгдсэн байдаг. 50 жилийн өмнө жилдээ 1 сая тонн химийн бодис үйлдвэрлэж байсан бол өнөөдрийн байдлаар 400 сая тонн химийн бодис үйлдвэрлэж, 100 орчим мянган нэр төрлийн химийн бодисыг улс хооронд худалдаалж, жилдээ 1000 орчим нэр төрлийн химийн бодисыг шинээр нээж байна.

Манай улсад химийн хорт болон аюултай бодис ашиглан үйл ажиллагаа явуулж байгаа ААН-ийн тоо өссөөр байна.  Мөн үүнийг дагасан асуудлууд гарсаар байгаа нь судалгаагаар гарчээ.

Тухайлбал Булган аймгийн төвийн мал эмнэлэгийн лабораторийн зоорийн давхарт хугацаа нь өнгөрсөн, 50 гаруй жил хадгалагдсан 94 нэр төрлийн 61 кг хуурай химийн бодис, 25,9 кг химийн бодис байсан нь илэрчээ.

Тусгайлан устган боловсруулах газаргүй, хууль эрх зүйн орчин ч байхгүй учраас тухайн барилгынхаа хажууд байдаг агуулахад хадгалсан аж. Гэсэн хэдий тус барилгын хажууд цэцэрлэг, сургууль, орон сууц байгаа нь аюулын харанга дэлдэж байна гэж  тус мэдээлэлд дурдлаа. Тухайн аймгийнхан уг бодисыг аюултай гэдгийг мэдэж байсан ч хэрхэн устгах зохицуулалт байхгүй учраас ийнхүү хэрхэхээ мэдэхгүй суугаа аж.

Мөн Сүхбаатар аймагт 2004 онд шүлхий өвчин гарахад ариутгал халдваргүйжүүлэх зорилгоор формалин гэдэг уусмалыг хэрэглэж байжээ. Тухайн үед уусмал нь дууссан учраас улсын нөөцөөс формалин уусмалыг татан авсан ч андуурагдан Формальдегид хортой бодис ирсэн нь тогтоогджээ. Үүнээс болж Сүхбаатар аймгийн мал эмнэлэгийн ажилтнууд болон ариутгал халдваргүйжүүлэх ажлыг гүйцэтгэсэн 20 орчим хүн хордсон байна. Сав баглаа боодол нь хагарч гэмтсэн учраас тус бодисын сууринаас нь хөдөлгөх ч боломжгүй. Өнөөдрийг хүртэл уг асуудал шийдэгдээгүй хэвээрээ байгаа аж. Энэ нь иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхэд маш ноцтой аюул учруулах нөхцөл юм. Улмаар Онцгой байдлын ерөнхий газарт 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр хүсэлт гарган Үндэсний аврах бригадыг авчирч битүүмжлэх ажиллагаа хийлгэжээ.  Ийм учраас ХЭҮК тогтоол шийдвэр гаргуулахаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19 дэх илтгэл"-д тусгаж 4 зөвлөмжийг хүргээд байгаа аж.

Формальдегид нь Олон улсын хорт хавдрын судалгааны агентлаг (International Agency for Research on Cancer - IARC)-аас гаргасан хорт хавдар үүсгэгчдийн нэгдүгээр ангилалд ордог аюултай хорт бодис юм. Удаан хугацааны туршид уг бодисоор амьсгалах буюу өртсөнөөр цусны хорт хавдар, хамар залгиурын хавдраар өвчлөх эрсдэлтэй болохыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас (World Health Organization - WHO) гаргасан тайланд дурджээ.

Дорноговь аймгийн Замын Үүд суманд ХЭҮК-ийн ажлын хэсэг ажилласан байна.

Шалгалтаар гаалийн агуулахад нэр нь тодорхойгүй 18 нэр төрлийн маш их хэмжээний бодис хадгалагдаж байсан талаар илтгэлд дурджээ. 

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хамтран Чехийн хөгжлийн агентлаг, “Деконта” ХХК-ийн “Экологийн ачаалалтай тэмцэх талаарх хандлагын ноу-хауг нэвтрүүлэх төслийн хүрээнд 2017 онд дээрх шилний үйлдвэрийн газар доорх усны дээжийг Сг6+, Сrtot, Аs, Pb, Hg, Cd, Ni, Cu, Zn, Ba зэрэг хүнд металл илрүүлэх зорилгоор магадлан итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлэхэд хүнцэл, 6 валенттай хром нь Монгол Улсын MNS 6148:2010 стандартаар заасан газар доорх усанд агуулагдсан бохирдуулагч бодисын хэмжээнээс тус тус хэтэрсэн байгааг тогтоосон байна. 

Тус шилний үйлдвэрийн бохирдсон талбайг цэвэрлэх, үйлдвэрт ашиглагдаж байсан ашиглалтын шаардлага хангахгүй ил задгай хадгалагдаж байсан 56 тонн химийн хаягдал бодисыг 202 саванд савлаж, агуулах зооринд хадгалж байсан талаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19 дэх илтгэл"-д  дурджээ.

]Түүнчлэн Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулиудад зориулалтын бус химийн танхимд хадгалж байгаа бодис нь ууршиж хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх нөхцөл бүрдээд байсныг Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай ангийн хашаанд Мөнгөн усны төслийн санхүүжилтээр баригдсан химийн бодисын зориулалтын агуулахад нэгтгэн түр хадгалж байна.

Монгол Улс хэдийгээр аюултай бодисын тухай хуультай, гэсэн хэдий ч боловсруулах, устгах үйлдвэр байхгүй учраас химийн бодис хуримтлагдсаар байна гэдгийг мэргэжилтнүүд онцоллоо.

Үүнээс үүдэн химийн хорт болон аюултай бодис алдагдах тохиолдолд хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөргөөр нөлөөлсний уршигаар хүн ам үй олноороо амь насаа алдах, аюултай өвчин, эмгэг үүсэх, тархах, хүний удамшилд нөлөөлөх эрсдэл тулгараад байна. Түүнчлэн мал аж ахуй, ан амьтанд учрах хор уршгийг урьдчилан тооцоолох аргагүй юм. 

Мөн химийн бодис хэрэглэж амь насаа алдсан тохиолдол сүүлийн 10 жилийн дотор 23 хүн амь насаа алдаж 204 хүн бэртсэн байна. 

Химийн хорт болон аюултай бодисын хэрэглээ 

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу:

Химийн бодисын нөхцөл байдал, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19 дэх илтгэл"