Өнөөдөр "Дэлхийгээр үүргэвчтэйгээ" сэдвээр аялагч Д.Чимэдцэрэн "Happiness center"-т сонирхолтой яриа өрнүүлсэн юм.Тэрбээр ганцаараа сүүлийн гурван жилийн турш 60 гаруй улсаар аялжээ. Түүний хувьд анхны аялал нь юм үзэж нүд тайлахаас илүүтэй өөр өөрийгөө таниж мэдэх, нээх аялал байж. Аюултай болов уу гэсэн өчүүхэн ч айдасгүйгээр үүргэвчээ үүрч гарсан өдрүүдийнх нь тухай яриаг танд яриаг онцлон хүргэж байна.

                          Та аялалд гарах гэж байна уу?

Та дэлхий ертөнцтэй танилцаж, хүсч мөрөөдөж байсан газраа очиж, хэзээ ч нүүр учирч байгаагүй хүмүүстэй уулзаж, адал явдалтай учирмаар байна уу. Тэгэлгүй яах вэ гэж яаран хариулахын өмнө эхлээд өөрийнхөө зүрх сэтгэлийг сонсоорой? Хэрэв хариултаа олчихсон үүргэвчээ зэхэж суугаа бол  эхлээд  яг хаашаа явахаа шийдэж маш  сайн судалгаа хийгээрэй.Тэр газруудаар явсан хүмүүсийн тэмдэглэлүүд сайн унш. Үүргэвчинд бол хоёр гурван ээлжийн хувцас,шампунь, оо сойзноос эхлүүлээд бага зэргийн ахуйн хэрэглээний зүйлс, ном, дэвтэр, бал, нөүтбүүк, цэнэглэгч, чихэвч байхад болно. Гол нь та л аялалдаа сэтгэл зүйгээ бүрэн бэлдчихвэл болох нь тэр. Зүрх сэтгэл 100 хувь зөвшөөрсөн үед ямар ч саад бэрхшээл тулгарлаа ч даваад л гардаг. Ядахдаа л аялна гээд сэдэл авчихсан байхад нэг л өдөр урт зам угтаж байдаг юм билээ

                                                   Хэрхэн хямд зардлаар аялах вэ?

Аялагч, жуулчин хоёр ялгаатай гэдгийг сайн ойлгоорой. Урт хугацааны үүргэвчтэй аялалд гарахаар шийдсэн бол үргэлж “бүсээ чангалж” байж илүү олон зүйлийг үзэхээс аргагүй. Гол зардал нь байр, хоол, унааны мөнгө. Зардлаа хэмнэх гэж байгаа болохоор үргэлж дэн буудлыг сонгож буудаг. Дэн буудлаа сонгохдоо байрлал бас хүн олон буудаг газар сонгох нь аюулгүй бас тэнд буусан жуулчдаас илүү дэлгэрэнгүй сонирхолтой мэдээлэл авах боломжтой байдаг. Энэ тал дээр https://www.tripadvisor.com-оос мэдээлэл авахад илүү хялбар. 

Мөнгө муутай байгаа үед https://www.couchsurfing.com/ -нд хандаж айлд хонож болно. Олон орны аялагчид бас аялах дуртай хүмүүсийг ойлгож дэмждэг хүмүүс энд нэгдсэн байдаг. Тийм учраас очихоосоо өмнө захиалахад болно. Зарим айл бага их гэлтгүй төлбөр авдаг. Айлд хонох тухайн газрын хүмүүстэй танилцах, соёлыг нь ойлгох олон талтай. Тухайн айлын талаарх хүмүүсийн сэтгэгдэл хэр их байгааг дээрх сайтаар орж шалгаарай.

                                  Ганцаараа явах аюултай юу

Хүн бүхэн аюултай гэж хариулах байх. Үнэндээ энэ бүхэн аман яриа. Гадагшаа аялах гэж байгаа хүмүүс аль нэг таньдаг хүнээ бараадах гээд байдаг. Уг нь алдаж оноод ч болтугай өөрийн зам жимээ л нээх хэрэгтэй. Ганцаараа явахдаа өөрийнхөөрөө байна, хамгийн гол өөрийгөө олох хамгийн зөв алхам гэдгийг би мэдэрсэн. Мэдээж зардал багатай, зорьсоноосоо хазайхгүй давуу талтай. Муу юм тохиолдохоо хүрвэл хаана ч байсан, бүр гэртээ сууж байсан ч ороод л ирнэ гэж би боддог юм. Тэгэхээр сайн ч тэр, саар нь ч тэр аливаа зүйл “цаг нь болох” гэх зарчимтай мэт санагддаг. Хүний нутагт явж байгаа учраас том жижиг гэлтгүй асуудал учирна. Гэхдээ юу ч болж байсан өөртөө итгэж чин сэтгэлээсээ инээмсэглэж яваарай. Галт тэрэгний тасалбар дуусчихсан байхад сайхан инээмсэглээд учирлахад аль ч газрын хүмүүс аргалаад олоод өгчихдөг юм шүү. Бас хүн бүхэнд байдаг мэдрэмж хэзээ ч худлаа хэлдэггүй. Очсон дэн буудал аль нэгэн газар таагүй санагдвал аль болох хурдан яваарай. 

                               Хэрхэн тань шиг болох вэ?

 "Энэ асуултанд бүрэн дүүрэн хариулах үнэхээр боломжгүй билээ. Яагаад гэвэл бид бүгд харилцан адилгүй шүү дээ. Адил байх ч албагүй. Бүгд л өөрийн үүсгэсэн замаараа явдаг. Харин, долоон сар ганцаараа үүргэвчтэй аялсан туршлагаасаа ганцхан зүйлийг баттай хэлж чадахаар болсон. Тэр нь юу гэвэл, иймэрхүү урт хугацааны аяллыг ганцаараа, ялангуяа залуу насандаа (30 хүрэхээсээ өмнө) хийх нь өөрийгөө таньж мэдэх, нээх, олох хамгийн шилдэг арга юм шүү. Гадагшаа явах тусам хүн дотогшоо, өөр рүүгээ илүү их өнгийдөг, өөрт байгаа зүйлээ үнэлж чаддаг юм билээ. Ганцаараа аялахад би хэн юм бэ, яах гэж амьдарч байгаа билээ гэх мэт зүйлсийг өөрөөсөө олон удаа асууж, эргэцүүлдэг. Тиймээс залуусыг өөртөө итгэлтэйгээр үүргэвчээ үүрээд аялалдаа гарахыг зөвлөх дуртай" гэж  тэр зөвлөсөн.


Түүний блогоор зочилж илүү их мэдээлэл авах бол энд дарна уу https://chimedeee.wordpress.com/