Тээврийн хэрэгслийн улсын дугаарын нөөц багассантай холбогдуулан Улаанбаатар хотын харъяалалтай "УАА" серийг өнгөрсөн сарын 24-нд задалж, зөвхөн импортын тээврийн хэрэгсэлд олгож эхлэсэн.

Үүнтэй холбоотойгоор УАА серитэй "азын" гэх дугааруудыг зарна гэсэн зар мэдээллүүд гараад буй.

Энэ талаар Автотээврийн үндэсний төвөөс "Автомашины улсын дугаар зарна гэсэн луйврын шинжтэй заруудад хууртахгүй байхыг анхааруулж байна. ЭНЭ БОЛ ЗАЛИЛАН. Автомашины бүх улсын дугаарын хураамж 7600 төгрөг байдаг. Иргэд импортоор орж ирсэн автомашиндаа https://burtgel.transdep.mn/ сайтаас сонирхсон дугаараа нээлттэйгээр захиалж авах боломжтой болсон" хэмээн мэдээллээ.

Мөн шинэчлэгдсэн стандартад тусгасны дагуу:

  • Нийтийн тээврийн хэрэгсэлд шар дэвсгэр дээр хар өнгөөр, 
  • Эко буюу цахилгаанаар ажилладаг тээврийн хэрэгсэлд ногоон дэвсгэр дээр цагаан өнгөөр, 
  • Технологийн буюу тусгай замын тээврийн хэрэгсэлд хар дэвсгэр дээр цагаан өнгөөр, 
  • Дипломат буюу ДК дугаар улаан дэвсгэр дээр цагаан өнгөөр, 
  • Бусад төрлийн тээврийн хэрэгсэлд цагаан дэвсгэр дээр хар өнгөөр бичигдсэн төмөр дугаар олгож буй юм.