Автомашины азын дугаар бизнес болоод удаж буй. Энэхүү ажлыг цэгцлэхээр Автотээврийн үндэсний төв рүү чиглэсэн ажлыг АТГ эхлүүлжээ.

Ижил тоонууд бүхий дугаар 20 сая хүртэл үнэ хүрдэг, ЗТХЯ-ны болон АТҮТ-ийн ажилтнууд улсын дугаарыг 1.6 сая төгрөгөөр зарсан, 3333, 7774, 8886 гэх зэрэг дугааруудыг 7-12 удаа шилжүүлсэн тохиолдол ч гарсан байна.

Ингэхдээ шан харамж авдаг гэх мэтээр иргэд АТГ-т гомдол ирүүлж байгаа ажээ. Журмаараа бол автомашины улсын дугаар бол улсын өмч учраас хоорондоо наймаалцах, худалдах нь хууль бус үйлдэл юм. Тиймээс азын дугаараар бизнес хийж халаасаа түнтийлгэж байгаа төрийн албан хаагчдыг таслан зогсоохоор АТГ ажиллаж буй. Эхний ээлжинд хэлэлцүүлэг хийх бөгөөд өнөөдөр АТҮТ-д боллоо.

Ер нь энэ төрлийн зар зарын сайтуудаар элбэг байдаг. Үүнийг лавлахаар зар тавьсан 99028886 дугаар руу залгахад,

-УББ 77-77 дугаар 20 сая төгрөг

-УНИ 0555 дугаар 8 сая

-УНУ 5005 дугаар 2,5 сая төгрөгийн үнэтэй байна гэлээ.

Автомашины дугаар зардаг хүмүүс "Хэрэв та дугаараа авчихвад бид өөрсдөө АТҮТ дээр очоод шилжүүлчихнэ" гэж байв.  Харин АТҮТ-ийн  1900-1234 дугаараас азын дугаараа солиулах боломжтой эсэхийг лавлахад "Хууль бус үйлдэл учраас солих боломжгүй" гэж байна. 

Юутай ч азын дугаарын бизнесийг АТГ шалгаж эхлэх нь.