2020 оны нэгдүгээр сараас нийтийн тээврийн автобусны төлбөрийн "U-Money" картын үлдэгдлийг буцаан авах боломжтой болно.

Энэ талаар "Улаанбаатар смарт карт" компанийн Маркетингийн менежер Б.Батзул "Хэвийн ажиллагаатай картын үлдэгдлийг бүрэн буцаана. Картын үйлчилгээний шимтгэлд 100 төгрөг авна. Шимтгэл хассан дүнг мөнгөн хэлбэрээр шууд олгоно. Үлдэгдлийг гэрээт цэгүүдээр олгохгүй. Дүнжингарав, Драгон, Мишээл экспо төвүүдэд байрлах "Улаанбаатар смарт карт" компанийн Хэрэглэгчийн төвөөр олгоно.

Өмнө нь зөвхөн эвдэрч, хугарсан картын үлдэгдлийг буцаан олгодог байсан. Тэгвэл ирэх сараас "U-Money" карт дахь мөнгө тань хэрэг болсон юмуу, ойрын хугацаанд картаа хэрэглэхгүй тохиолдолд дээрх төвүүдэд картаа авч очоод үлдэгдэл мөнгөө авчихаж болно. Мөнгөө буцааж авсан картаа дахин цэнэглээд ашиглаж болно" хэмээлээ.

Мөн өнөөдрөөс эхлэн худалдаа, үйлчилгээ, үзвэрийн газрууд ямар нэгэн илүү төхөөрөмж авахгүйгээр кассын ПОС машинаараа иргэдийн "U-Money" картыг цэнэглэх боломжтой болжээ. Энэ талаарх мэдээллийг ЭНД дарж уншина уу.