Автобусны "U money" картыг банкны пос төхөөрөмжөөр цэнэглэх туршилтыг хийх гэж буй болон "Ёндоотой карт" урамшуулалт хөтөлбөрийн талаар "Улаанбаатар смарт карт" компаниас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр "Хоёрдугаар сарын 07-14-ний өдрүүдэд "U money" картыг банкны пос төхөөрөмжөөр цэнэглэх туршилт хийхээр бэлэн болсон. 70 орчим үйлчилгээний байгууллагыг сонгоод хаалттай өрөөнд туршилтыг хийнэ. Туршилтын үр дүнгээс хамаарч албан ёсоор уг үйлчилгээг нэвтрүүлэх эсэхийг тодорхой болгоно. Манай байгууллагын зүгээс энэ сард багтаан тус үйлчилгээг нэвтрүүлэх зорилттой ажиллаж байна. Үйлчилгээ нэвтэрснээр картыг зөвхөн бэлэн мөнгө өгч цэнэглүүлдэг байсан бол цаашид карт, цахим түрийвч, Social pay зэргээр төлөх боломж нээгдэнэ. Улмаар "U money" картаа гар утаснаасаа цэнэглэдэг болох зорилттой ажиллаж байна" хэмээлээ.

Мөн "U money" карт хэрэглэгчдийг хамруулсан "Ёндоотой карт" урамшуулалт хөтөлбөрийг энэ сараас хэрэгжүүлж эхлэхээр болжээ. Энэ нь "U money" картаараа автобусны төлбөрөө төлдөг хүмүүсийн дунд сар бүр явагдах сугалаа юм. 

"U money" картын арын 16 оронтой дугаарын сүүлийн 6 орноор азтануудыг тодруулна. Сүүлийн 4 орон нь таарсан 100 хэрэглэгчдэд нэг сар хязгааргүй зорчих карт, сүүлийн 5 орон таарсан 10 хэрэглэгчдэд тус бүр 500.000 төгрөг, сүүлийн 6 орон таарсан супер нэг хэрэглэгчдэд хоёр сая төгрөг олгох аж.

Сугалааны тохирлыг UBS телевизээр болон "Улаанбаатар смарт карт" компанийн фэйсбүүк хуудсаар сар бүрийн хоёр дахь долоо хоногийн Лхагва гарагт 18 цаг 50 минутад шууд дамжуулан явуулна. Тодорсон азтануудыг нэг сарын хугацаанд ирж шагналаа аваагүй тохиолдолд шагналын санг нь нийгмийн сайн сайхны төлөөх үйлсэд хандивлана. Хамгийн эхний тохирол хоёрдугаар сарын 12-нд явагдана. Хөнгөлөлттэй зорчигч, оюутны карт урамшуулалд хамаарахгүй аж.

Урамшууллын төсөвт нийслэлийн хөрөнгөөс ямар ч мөнгө орохгүй. "Улаанбаатар смарт  карт" ХХК 5 жилийнхээ ойн хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагаа гэдгийг албаныхан онцоллоо.