Нийтийн тээврээр зорчихдоо "U-моney" картаар төлбөрөө төлдөг хүмүүсийг урамшуулж, азтан тодруулах тохирлыг сар бүр явуулахаар болсноо "Улаанбаатар смарт карт" компани мэдэгдсэн.

Эхний тохирлыг хоёрдугаар сарын хоёр дахь долоо хоногт хийх бөгөөд тэр нь нэгдүгээр сард зорчсон картуудын дунд явагдах аж.

Автобусны картны арын 12 оронтой тооны арын дугаараас нь эхэлж азтанг тодруулна. Жишээлбэл, картын дугаарын арын дөрвөн орон таарсан тохиолдолд сарын турш нийтийн тээврээр үнэгүй үйлчлүүлэх эрхтэй болох юм. Сүүлийн таван орон таарвал 500 мянган төгрөг, зургаан орон таарвал хоёр сая төгрөгийн шагналтай.

Азтан болох шалгуур:

1. Нийтийн тээврээр тухайн сард картаараа 10-аас дээш зорчсон байх
2. Нийтийн тээврийн хөлсийг төлбөр төлөн зорчиж буй энгийн болон хүүхдийн карт, мөн  Хаан банк, Юнител Мобиком, Скайтел компанитай  хамтарсан картын хэрэглэгч байх

Шагналын сан: 

  1. Сарын хязгааргүй зорчих эрхтэй картын азтан 100 хүртэлх тооны хэрэглэгч
  2. 500 мянган төгрөгийн азтан 10 хүртэлх тооны хэрэглэгч
  3. 2 сая төгрөгийн 1 супер азтан тус тус тодорно

Азтан болсон хэрэглэгчид шагнал олгох хугацаа нэг сар буюу дараа сарын  сугалааны тохиролын өдөр болтол хадгалагдах бөгөөд шагналаа аваагүй тохиолдолд азтаны шагналыг нийгмийн сайн сайхны төлөөх үйлсэд хандивлана.