Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр хийсэн мэдээллээр 12 дугаар сарын 03-нд нийт 19.680 хүнд PCR шинжилгээ хийхэд 12 хүнээс коронавирус илэрчээ.

  • 7 тохиолдол нь Улаанбаатарт илэрсэн бөгөөд 5 нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал, 2 нь ХӨСҮТ-ийн ариутгагч байна. 
  • 4 тохиолдол нь Сэлэнгэ аймагт илэрсэн бөгөөд 3 нь мөн өмнөх тохиолдлуудын ойрын хавьтал, 1 нь эмнэлгийн ажилтан байна.
  • 1 тохиолдол нь Дархан-Уул аймагт илэрчээ.

Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Батлагдсан тохиолдлууд хавьтлаа мартсанаас болж, хавьтлаа хожуу мэдэгдэх асуудал гарч байна. Өчигдрийн шинжилгээгээр автобус баазын нэг жолооч коронавирусийн халдвартай нь батлагдсан. Тус хүнийг 11 дүгээр сарын 30-наас хоёрдагч хавьтлаар тусгаарласан байсан. Түүний ойрын болон хоёрдагч хавьтлуудыг тусгаарлах, шинжилгээ хийх ажил үргэлжилж байна.

Дээрх автобус бааз 500 орчим ажилтантай, ойрын хавьтлын 17 хүнийг тусгаарлаж, PCR шинжилгээнд хамруулж байна. Бусад 400 гаруй ажилтны нэрийг гаргаж, түргэвчилсэн шинжилгээнд хамруулж эхэлсэн.

Тандалт судалгааны явцад хавьтсан хүнээ хэлэнгүүт бид маш богино хугацаанд хавьтлыг тусгаарлах ажлыг зохион байгуулж байна.

Хэн ч байсан 7 хоногийн өмнө уулзсан, харьцсан хүнээ санахгүй байх магадлалтай. Гэхдээ санасан даруйдаа цаг алдалгүй хэлэх шаардлагатай. Үүнд хүн бүр анхаарах хэрэгтэй" хэмээлээ.