“Автобус-1” баазын нэг жолоочоос коронавирусийн халдвар илэрсэнтэй холбоотойгоор тус баазын автобуснууд түр зогсолт хийж, бүх ажилтан, албан хаагчдад шинжилгээ хийн, 48 хүнийг тусгаарлаад байв.  

Нийслэлийн онцгой комиссын шийдвэрийн дагуу тус байгууллагын нийт 480 ажилтнаас 3 удаагийн PCR шинжилгээ авахад бүгд сөрөг гарсан юм. 

Мөн тус баазын 154 тээврийн хэрэгслийг гурван удаа ариутгаж, цэвэрлэгээ хийн, жолоочийн кабиныг  зорчигчдоос бүрэн тусгаарлах хаалт хийлээ. Түүнчлэн  автобусны  суудал хооронд зай барьж суухыг сануулсан тэмдэг тэмдэглэгээ, картаа зайнаас уншуулах санамж, короновирусээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг байршуулан, техникийн аюулгүй байдлыг шалган үйлчилгээнд гаргажээ.

Цаашид цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор халдвар хамгааллын дэглэмийг сахиж, эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа зөвлөмжийг дагаж мөрдөхийг нийт ажилтан албан хаагчдадаа сануулж ажиллана хэмээн Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-аас мэдээлэв.