Нийслэлийн Засаг даргын зөвлөл өнөөдөр хуралдаж байна. Хуралдааны эхэнд авто зогсоолын арчлалт, ашиглалтын үйл ажиллагааг сайжруулах асуудлыг хэлэлцлээ.

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр тохижуулсан нийтийн эзэмшлийн зам талбай болон авто зогсоолуудын арчлалт, ашиглалтын журамд нэмэлт өөрчлөлт оруулах хэд хэдэн санал байгааг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Дотоод хяналтын хэлтсийн дарга И.Рэгзэдмаа онцолж хэлэв. 

Төлбөртэй зогсоолын үйлчилгээ эрхлэх байгууллагуудтай Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, НАЗХГ-тай “Гурвалсан гэрээ” байгуулах, “Нийслэлийн төсвийн хөрөнгөөр бий болсон зогсоолууд”-ыг гэрээт /ашиглагч/ байгууллагуудад хариуцуулахдаа нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг акт бүртгэлээр хүлээлцэж өгөх, эд хөрөнгийн ашиглалт үйлчилгээ, эвдэрч гэмтсэн хөрөнгийг засварлуулах, хэвийн байдалд оруулах асуудлыг гэрээт байгууллагуудад хариуцуулах, үйлчилгээний онцлогоос хамаарч эмнэлгүүдээр үйлчлүүлж буй үйлчлүүлэгчийн эхний 30 минутыг үнэ төлбөргүй болгож, үнийн тарифт өөрчлөлт оруулах зэрэг саналуудыг хэлж, зөвлөлийн гишүүдээр хэлэлцүүлсэн юм. Зөвлөлийн гишүүд уг асуудлыг хэлэлцэж, журмын төсөлд тусгах нэмэлт саналуудаа хэллээ.

Дараа нь Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Холбогдох газрууд хамтран авто зогсоолуудын арчлалт, ашиглалтыг зохицуулах журам болон аж ахуйн нэгжүүдийг үүрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ажилла. Хотын стандарт орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газар авто зогсоолуудын мөрдөх стандартыг боловсруул” гээд холбогдох байгууллагуудын удирдлагуудыг хариуцсан чиглэлдээ хяналт тавьж ажиллахыг үүрэг болголоо.


Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс