НИТХ-ын ээлжит 29 дүгээр хуралдаанаар нийслэлийн 2020 оны төсвийн хоёрдугаар  хэлэлцүүлгийг хийлээ. Нийслэлийн орон нутгийн төсвийн суурь орлогыг 894.1 тэрбум төгрөг, суурь зарлагыг 338.1 тэрбум төгрөг, Төсвийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2.2 дахь заалтын дагуу орон нутгийн үндсэн төслийн ажлын 30 хувь болох 319.4 тэрбум төгрөгийг улсын төсөвт татан төвлөрүүлэхээр баталжээ. Мөн нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2019 онд батлагдсан түвшнээс 770.5 сая төгрөгөөр нэмэгдүүлж 27.3 тэрбум төгрөг байхаар, боловсрол, эрүүл мэнд, хүүхэд хөгжил хамгаалал, газрын харилцааны салбарын нийт үйл ажиллагааны зардлыг 2019 оныхоос 96 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, 494 тэрбум төгрөг байхаар тус тус баталсан байна.

2020 онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр хот байгуулалт, дэд бүтцийн салбар, авто замын салбар, хот нийтийн аж ахуйн салбар, нийгмийн салбар, төрийн үйлчилгээг сайжруулах, нийтийн тээврийн салбаруудад түлхүү анхаарч төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж тогтоолд тусгажээ.

Ийнхүү нийслэлийн 2020 оны төсөв батлах тухай тогтоолын  төслийг дэмжье гэдгээр санал хураахад 75,68 хувиар тогтоол батлагдлаа.

Мөн хуралдаанаар

- “Авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай”,

-“Нийслэлийн 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 

-2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай”, 

-“Нийслэлийн өмчөөс 2020 онд хувьчлах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах тухай” асуудлуудыг хэлэлцэн, тогтоол гаргав. 

Улаанбаатар хот 830 гаруй км урт авто замтай. Тус замаар зорчсоны төлбөр болгон авч буй хөрөнгөөр эвдрэл, гэмтлийг гүйцэт засах боломжгүй учир төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэх санал ирүүлсэн аж. Төлөөлөгчид уг асуудлыг хэлэлцэн, олонхын саналаар төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоохыг дэмжлээ. Түүнчлэн ирэх онд нийслэлийн өмчөөс нэг хуулийн этгээд, долоон барилга байгууламжийг хувьчлахыг дэмжиж, төсөвт төвлөрүүлэх орлогыг Өмч хувьчлалаас нийслэлийн төсөвт төвлөрүүлэх орлогыг 68.3 тэрбум төгрөг байхаар батлав.

Хуралдааныг хааж  НИТХ-ын Р.Дагва:

“2020 оны төсвийг батлахдаа нийгэм эдийн засгийг хөгжүүлэх чиглэлийг баримталж төсвийн хуваарилалтыг хийсэн. Өнгөрсөн аравдугаар сард нийгэм эдийн засгийг хөгжүүлэх 2019 оны үндсэн чиглэлийг хэрэгжилтийн явцыг хэлэлцэн дүгнэж, 2020 онд нийгэм эдийн засгаа хөгжүүлэх үндсэн чиглэлээ баталсан. Энэхүү үндсэн чиглэлд тусгагдсан стратегийн ач холбогдол бүхий төсөл хөтөлбөрүүдэд хувийн хэвшлээ дэмжиж хамтран ажиллах ёстой. Нийслэлийн 2020 оны төсвийн 39 хувийг хот байгуулалт дэд бүтэц, 30 хувийг авто замын салбарт, 12 хувийг нийгмийн салбарт томоохон хөрөнгө оруулалт хийхээр баталлаа. Ирэх 2020 он хэдийгээр сонгуулийн жил боловч иргэдийнхээ ажиллах амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, хотын хөгжлийн төлөө ажиллах хангалттай хугацаа бий гэдгийг хэлье. Иргэдийн хүлээлгэсэн итгэлийг бид зүтгэлээр хариулах ёстой гэдгийг өдөр бүр санах ёстой. Зүтгэл гэдэг бол санаачилга, итгэл хоёрын нэгдэл гэдгийг хэзээ ч бүү мартаарай. Тиймээс төсвийн хөрөнгөөр хийгдэх ажил бүрт сэтгэл гаргаж санаачилгатай ажиллахыг Нийслэлийн Иргэдийн Хурлын өмнөөс хүсье” хэмээн хуралдааныг өндөрлүүллэ