Авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмсэн нийслэлийн ИТХ-ын шийдвэр иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан билээ. Тиймээс Ерөнхий сайд У.Хүрэлсүх уг шийдвэрийг эргэж харахыг нийслэлийн Засаг дарга С.Амарсайханд чиглэл болгосон юм.

Тэгвэл Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн хурлаар авто зам ашигласны төлбөрийг нэмэгдүүлснийг цуцлах асуудлыг хэлэлцлээ.

НИТХ-аар санал хураахад 19 төлөөлөгч дэмжсэн байна. Ийнхүү 79.17 хувийн саналаар авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлэхгүй байхаар шийдвэрлэлээ.

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан: Авто зам ашигласны төлбөрийг шал өөр зүйлд зарцуулах гээд байгаа юм биш шүү дээ. Зарим хүмүүсийн ярьж байгаа шиг сургууль цэцэрлэг барих эсвэл ажлын тавилга сандал болгоод байгаа асуудал байхгүй. Хотод замтай холбоотой шийдэх ёстой асуудал олон. Тэгээд ч зүгээр ч нэг 5 дахин нэмнэ гэж тооцоо гаргачихсан юм биш. Иргэн 100 мянган төгрөгийг авто зам ашигласны төлбөрт төллөө гэж бодоход сардаа 8000 гаруй төгрөг л төлж байгаа хэрэг.  Гэтэл улс төржүүлээд байна. Хураамжаа төлөхгүй гэж жагсаж цуглаж байна. Хураамжаа төлж чадахгүй гэж эсэргүүцдэг хэрнээ 100 км-т 20 литр бензин зарцуулдаг машин унадаг газар Монголоос өөр байхгүй гэсэн юм.

Нийслэлийн авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг нэмэгдүүлснээр өмнө жилд 14 тэрбум төгрөг улсын төсөвт цугладаг байсан бол ирэх онд 74 тэрбумыг төвлөрүүлэхээр төлөвлөөд байсан. Түүнчлэн нийслэлийн авто зам ашигласны хураамжийг нэмэгдүүлснээр дараах ажлуудыг хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байсан. Тухайлбал, нийт 45 км авто зам шинэчлэх, хотын төв хэсгээр 60 км дугуйн зам, дөрвөн гүүрэн гарц, борооны ус зайлуулах шугам сүлжээ 10 км, есөн дүүрэгт тэмдэг тэмдэглэгээний 80 хувийг хийхээр төлөвлөж байсан бол энэхүү тогтоолыг хүчингүй болгосноор дээр дурьдсан ажлуудын 60 орчим хувийг хийж гүйцэтгэх боломжийг алдаж байна. Гэвч хязгаарлагдмал төсвөөр хязгааргүй хэрэгцээг хангахын төлөө ажиллах болно хэмээн НИТХ-ын дарга Р.Дагва  онцоллоо.