Автсралийн шинэ Ерөнхий сайдаар Сангийн сайд Скотт Моррисон сонгогдлоо гэж тус улсын “The Australian Broadcasting Corporation” мэдээллээ.

Малькольм Тернбуллыг огцруулах санал хураалт явуулж, Австралийн эрх баригч намын гишүүдийн дийлэнх нь дэмжсэн байна. Үүний дараагаар Австралийн Ерөнхий сайдыг томилох санал хураалтад Скотт Моррисон тус улсын Гадаад хэргийн сайд Жюли Бишоп болон Дотоод хэргийн сайд асан Питер Даттонтай өрсөлдөж, илүү санал авснаар Ерөнхий сайдаар сонгогдсон байна.

Скотт Моррисон өмнө нь цагаачлал, нийгмийн үйлчилгээ зэрэг асуудал хариуцсан сайдаар ажиллаж байжээ.

Малькольм Тернбулл нь дотоодын өрсөлдөөнөөс болж хугацаанаасаа өмнө огцорсон Австралийн дөрөв дэх Ерөнхий сайд болж байна.

Тэрбээр огцорсныхоо дараа мэдэгдэл хийхдээ, “энэ гайхалтай орны удирдагчаар ажиллаж байсан нь нэр төрийн хэрэг юм. Би Австралид хайртай. Би австраличуудад хайртай. Энэ улсад маш их үнэт зүйлс бий. Бид үүгээр бахархаж, хайрлан хамгаалах хэрэгтэй” гэж хэлжээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг