Австралид очсон монгол иргэнээс шинэ коронавирусын халдвар илэрсэн гэсэн мэдээллийг Австралийн эрүүл мэндийн байгууллагаас ирүүллээ хэмээн Эрүүл мэндийн яам өнөөдөр мэдэгдсэн. Тэгвэл Эрүүл мэндийн яам дахин мэдээлэл хийж, уг мэдээлэл ташаа болохыг мэдэгдлээ.

Энэ талаар ЭМЯ-ны ТЗУГ-ын дарга Б.Цогтбаатар "БНХАУ-ын Гуанжу хотоос Австралийн Мельбурн хотод онгоцоор очсон манай улсын иргэнээс шинэ коронавирусын халдвар илэрсэн гэсэн мэдээллийг өнөөдөр тус улсын эрүүл мэндийн байгууллагаас ХӨСҮТ-д ирүүлсэн.

Бид үүнээс хойш уг мэдээллийг нягтлан ажиллаж, Австралийн Эрүүл мэндийн газартай өнөөдрийн 14 цаг 40 минутад утсаар холбогдож, сая албан ёсны тайлбарыг имэйлээр авлаа. 

Ирсэн мэдээллээр манай улсын иргэн шинэ коронавирусээр халдварлаагүй байна. Гуанжу хотоос Мельбурн чиглэлийн тус нислэгт хамт явсан БНХАУ-ын иргэн вирусын халдвартай байжээ. Тэгэхээр манай улсын иргэн шинэ коронавирусээр халдварлаагүй, гэхдээ нэгдүгээр зэргийн хавьталтай гэсэн үг. 

Тус иргэн энэ сарын 19-нд БНХАУ-ын Гуанжугаас Австралийн Мельбурн хотод буусан. Эргээд нэгдүгээр сарын 25-нд Хонконгоор дамжиж Улаанбаатарт ирсэн байна. Бид хавьтал судлалын аргын дагуу иргэнийг олж тодруулж, холбогдсон. Одоо ХӨСҮТ-д тусгаарлана. Иргэнд ямар нэгэн зовиур байхгүй гэсэн.

Улс орнуудын эрүүл мэндийн байгууллагууд хурдацтай тархаж буй тус вирусээс сэргийлэх зорилгоор мэдээллийг маш хурдан дамжуулж буй. Нягталж шалгаад манай улсын иргэн коронавирусээр халдварлаагүй гэдгийг тогтоолоо" хэмээн мэдэгдлээ.