Монгол Улс авлигын индексээр өмнөх жилтэй адил 37 оноо авсан ч 13 байр ухрав. Авлигын талаарх энэ жилийн судалгааны үр дүнгээр улс төрд мөнгөний нөлөө их орнуудад авлига угширсан байгааг харуулж байна.

“Төрийн авлига болон төрд итгэх итгэл алдагдаж байгаа нь улс төрд шудрага ёсыг бий болгох шаардлагатайг илэрхийлж байна. Улс төрийн намуудын их хэмжээний санхүүжилт ашиг сохирхолын зөрчил бий болгох нөхцлийг улс төрийн тогтолцоонд бүрдүүлээд байгааг нэн даруй шийдвэрлэх шаардлагатай” хэмээн Транспэрэнси Интернэшнл олон улсын байгууллагын ТУЗ-ын дарга Delia Ferreira Rubio хэлсэн байна.

ЭНЭ ЖИЛИЙН АВЛИГЫН ИНДЕКСИЙН ОНЦЛОГ
Дэлхийн улс гүрнүүдийн гуравны хоёр нь 50 онооноос доош оноо авсан ба дундаж нь 43 оноо авчээ.

Улс төрийн нам, сонгуулийн санхүүжилтийн хууль эрх зүйн орчин болон хэрэгжилт сайн байгаа улс орнууд уг судалгаагаар өндөр оноо авсан байна. Уг үнэлгээгээр 70 ба түүнээс дээш оноо авсан улс орнуудад сонгуулийн санхүүжилтийн хууль эрх зүйн орчин тодорхой, системтэй байгаа бол 34-35 оноо авсан улс орнуудад зохицуулалт сул эсвэл огт зохицуулалтгүй байна.

2012 оноос хойш Авлигын индексийн оноогоо сайжруулж чадсан орнуудын 60 хувь нь сонгуулийн хандивыг эрх зүйн хүрээнд зохицуулж чадсан байгааг
Транспэрэнси Интернэшнл олон улсын байгууллагын гүйцэтгэх захирал Patricia Moreira онцоллоо. Авлигыг бууруулан иргэдийн амьдралыг сайжруулахын тулд улс төр дэх бохир мөнгийг хязгаарлан иргэд шийдвэр гаргах боломжийг бүрдүүлэх хэрэгтэй. Илүү өргөн хүрээний зөвшилцөл хийж иргэдийн оролцоог хангаж чадсан улсуудын авлигын индекс дунджаар 61 оноотой байгаа бол иргэдийн оролцоог хангаагүй улс төрийн шийдвэр гаргадаг улсуудын дундаж оноо 32 байна. Тухайлбал, 2012 оноос хойш авлигын индексийн оноо нь буурсан орнууд шийдвэр гаргахдаа улс төр, нийгэм, бизнесийн төлөөлөлтэй зөвшилцдөггүй нь харагджээ.

Монгол Улсн хувьд нийт 13 байраар ухралт хийж 106 байранд орлоо. 2015 онд Монгол бүс нутагтаа 29 орноос 10 дугаарт орж байсан бол 2019 онд 31 орноос 20 дугаарт жагссан байна.

Улс төр судлаач Э.Гэрэлт-Од:

"Дэлхий даяар 3,000 гаруй судлаачдын оролцож хийсэн ардчиллын үнэлгээний судалгаанаас харвал манай улс оролцооны ардчилал буюу хуулийг ард нийтээрээ хэлэлцүүлэх, тэдний саналыг тусгах байдлаараа маш муу үнэлэгдсэн. Түүнчлэн сонгууль цэвэр, шударга болж чадаж байна уу үгүй юу гэдэг дээр муу үнэлэгддэг. Сүүлийн жилүүдэд авлига сонгуулийн үеэр улс төрийн намуудаар дамжиж хэрэгжиж байгаа учраас монголын ардчиллын "хорт хавдар" бол авлига гэдэг дээр олон улсын судлаачид санал нэгдээд дүгнэсэн байна.

ЗӨВЛӨМЖ

Транспэрэнси Интернэшнл олон улсын байгууллагын зүгээс авлигыг бууруулж, улс төрд итгэлцлийг бий болгохын тулд дараах зөвлөмжийг улс орнуудад хүргэж байна. Үүнд:

• Хяналт, эрх мэдлийн тэнцвэрийг зохистой байдлаар хэрэгжүүлэх
• Төрийн алба болон төсвийн зарцуулалтыг ашиг сонирхолын зөрчлөөс ангид байлгах
• Улс төрийн санхүүжилтийг хянаж, санхүүжүүлэгчээс улс төрд нөлөөлөх нөлөөлөөс урьдчилан сэргийлэх
• Төрийн албанаас чөлөөлөгдсөний дараа үүсэж болох ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах
• Лоббиг зохицуулах, нээлттэй оролцоотой шийдвэр гаргах
• Сонгуулийг шударга явуулах, зөрчил гаргасан этгээдэд хариуцлага тооцох механизмыг бүрдүүлэх
• Иргэд, хүний эрхийн төлөө тэмцэгчид, шүгэл үлээгчид ба сэтгүүлчдийг чадавхижуулж эрхийг нь хамгаалах