Алтангэрэлийн Урангоо хэмээх энэ бүсгүй АНУ-д Колорадогийн их сургуулийн төгсөгч. Улс төр судлалын чиглэлээр төгссөн ч мэргэжлээрээ биш үл хөдлөх хөрөнгө, хүний нөөцийн зах зээлд орон зайгаа эзэлж чадсан бүсгүй. UA Консалтинг ХХК-ийн хүний нөөц, үл хөдлөх компанийн захирал түүнтэй ажил бизнес, хувийн амьдралынх нь талаар яриа дэлгэлээ.

-Таны ажлын өдөр хэрхэн эхэлдэг вэ?

-Ихэвчлэн хэрэглэгчдийн дуудлагаар эхэлдэг. Хэн нэгэнд би хэрэгтэй болоод, намайг зориод хандана гэх мэдрэмж нь их гоё. Миний ажилдаг хоёр салбар хоёулаа харилцагчдын цагийг тохируулж ажилладаг. Би яаралтай үед гээд бүх зүйлийг бэлдэж сурсан. Машинд маань бяцхан оффис, оффист маань бяцхан гэрийн орон зай бий.

-Энэ арга барилаар ажиллаж суртлаа хэр их цаг хугацаа зарцуулсан бэ?

-Хийж байж л суралцдаг, би  дунд сургуульд байхаасаа хичээлээс гадна нийгмийн ажилд идэвхитэй охин байлаа. Маш олон юманд оролцоотой, цагаа төлөвлөдөг, шаардлагатай үед юунд ч бэлэн. Одоо намайг шууд Америк нис гэвэл би бүх юмаа аравхан минутанд л бэлдэнэ. Ер нь тийм хурдан хүн. Ажлын хувьд бас л алдаж онож байж л өөрийн арга барилтай болох гээд чадан ядан явна. Эхний гурван жил тэр чигтээ алдагдал, итгэл алдалт, зах зээлийн болон академик туршлага дутуу байсныг нуухгүй . Гэхдээ би алдаанаас огт айдаггүй. Харин бага дээр нь алдаад суралцчихдаг. Хүмүүс үл хөдлөх хөрөнгө дээр ихэвчлэн бизнес муу байна гэсэн шалтгаанаар хаалгаа хаагаад бидэнд ханддаг. Би олон удаа харилцагчдынхаа ийм шийдвэрийг болиулсан удаатай.  Гарч ирэхийн тулд алдаанууд байдаг. Тийм учраас алдаанаас айх шаардлагагүй, нэг муу зүйлийн ард нь гарчихлаа за дараагийн гоё юм нь юу вэ гээд л гэж боддог.

-Анх бизнесээ хэр судалгаатайгаар эхлүүлж тавьж байв?

-Яг үнэндээ надад үл хөдлөхийн салбарт Монгол Улсын гавьяат реалтор болох ёстой, (будаа болгоод өгнө) гэсэн том зорилго, мөрөөдөл байгаагүй. Би 17 настайдаа Америк руу сурахаар явсан, тэнд анхны цалингийн системд орж үзсэн. Олон жил сураад ирсний дараа Монголдоо ирээд ялгааг нь анзаарч эхэлсэн юм. Ингээд ажил хайхаас эхлээд хүний нөөцийн компанийн шаардлага цаашлаад ажиллах хүмүүсийн байрны асуудлаас үл хөдлөх хөрөнгийн компаниудаа байгуулж байлаа. Америкт байхдаа аавыгаа алдсан маань намайг хурцлах хамгийн том шалтгаан байсан. Би яг л аавынхаа ген, аавын зан, төрх арга барилтай. Аав маань ч үл хөдлөхийн салбарт яг төвлөрч ажиллаагүй ч одтой нэгэн байсан. Mongolian Properties компани манай ааваас анх энэ газрыг худалдан авч барилгын салбарт орж юм.

-Газардалт гэдэг шиг анх төсөөлж байснаас хэр өөр салбар байв?

-Хөгжсөн улсад олон жил амьдрахаар өөрөө ч юу сурч байгаагаа анзаарахгүйгээр олон зүйлийг сураад дадчихдаг, тийм үйлчилгээндээ ч дасчихдаг юм байна лээ. Улс орны эдийн засгийн болон соёлын онцлог гэж юм байна л даа. Монголд маань үл хөдлөх хөрөнгө нь амьдрах орчиноос гадна арилжааны нэг хэрэгсэл болсон. Энэ салбарт миний бодлыг өөрчилсөн зүйл бол гэр бүлтэй болсон минь. Би ганц бие байхдаа нялх хүүхдүүдтэй амьдрах орчны талаар төсөөлж бодож чаддаггүй байж. Оффисийн борлуулалт дээр илүү амжилттай байсан бол гэр бүлтэй болсны дараа байр орон сууцны борлуулалт дээр илүү сайжирсан. Наад зах нь хоёр нялх хүүхэдтэй болохоор байрны орцны хаалгыг нь хүүхдийн тэрэг орохоор байна уу гэдгийг анзаарч харах жишээтэйБайр орон сууц гэдэг зүгээр л нэг дотор нь амьдрах дөрвөн хана биш. Хүн тэндээс аз жаргалыг мэдэрдэг, амьдралаа бүтээдэг, түүнийгээ үр хүүхдэдээ өвлүүлдэг юм байна гэдгийг ойлгосон. Тийм болохоор би хүний хөрөнгийг хүндэлдэг. Би хэзээ ч сүүдэр талдаа цонхтой, зараар яваад зарагддаггүй байрыг авахгүй. Борлуулж байгаа байраа яг өөрөө авах гэж байгаа юм шиг нүдээр хардаг. 

-Яг одоо үл хөдлөх хөрөнгө авах гэж байгаа хүмүүст юу гэж зөвлөх вэ?

-Хэрвээ та үнэхээр үнэ цэнэтэй үл хөдлөх хөрөнгө худалдан авах гэж байгаа бол эргэлзэх зээлгүй худалдан авч болно. Харин тийм биш бол хүлээж байхад гэмгүй. Ялангуяа 2008 оноос урагшаа баригдсан байртай бол хурдан зарахыг зөвлөнө. Хэрэв 2008 оноос хойш бол баригдсан бол зарж үрэхэд яараад яахав. Орон сууцны барилга улам л хүний тав тух амьдрах орчин эрүүл мэнд, гэр рүүгээ ороход зарцуулах цаг хугацааг хүртэл тооцдог болж хөгжсөөр байна. Миний мэдэхээр ойрын үед маш сайхан, үнэ цэнэтэй байр барьж байгаа хэд хэдэн компани бий. Үнэтэй гэж мөнгөн дүн би огт яриагүй шүү, үнэ цэнэ гэдэг өөр ойлголт. Нэр хүнд бүхий компаниуд намайг барилгынхаа ажлын группд урьж ажиллуулдаг болсон

-Амьдралаас урам зориг, эрч хүч авдаг зүйл чинь юу вэ?

-Би алга ташилт, урмаар ажилладаг урлагийн хүн шиг сэтгэлгээтэй. Хүн надад чин сэтгэлээсээ итгээд зориод ирэхээр зүгээр сууж чаддаггүй. Заримдаа хамаг учир явдалаа хэлээд намайг чадна гээд ирсэн ажлыг өдөржин шөнөжин бодож зүүдлээд хонодог гэвэл хүмүүс итгэх болов уу. Хамтын ажиллагаанд чи чадна гээд зориод ирсэн хэрэглэгч, чадна гээд зүтгэсэн бидний зүтгэл нийлж байж амжилттай хамтын ажиллагаа болдог. Час хийсэн олон том борлуулалтуудыг хийж байсан. Тэр харагдаж байгаа тогосны өдөөс эхлээд тэр уран зураг, энэ винонууд гээд бүгд хэрэглэгчидийн маань өгсөн бэлэг. Миний шүүгээнд duty free-с ирсэн тортой бэлэг өчигдөрхөн ирсэн. Заримыг нь гэртээ аваачсан. Ажил төрөл сайхан бүтлээ гээд бизнес классаар нисэх онгоцны билет ч  бэлгэнд авч байлаа. 

- Том бүтэлгүйтэлтэй учирч байв уу?

-Тийм зүйлтэй улаан нүүрээрээ учирсан даа. Тэр хүлээлгийн өрөөнд байгаа охидын зургийг харж байна уу. Тэд бол миний гар дор бэлтгэгдэж энэ зах зээлийн тухай юугаа ч мэдэхгүй хүмүүс байсан. Манайд ажилласнаар тэд мөрөөдөлтэй, ажилтай, зорилготой, орлоготой болсон. Эцэст нь яг учраа олохын даваан дээр өөрсдөө компани байгуулаад явчихдаг. Би цуг ажилладаг хүмүүсээ хурцалж, зоригжуулж, магтаж, урамшуулж мөн ч их сургаж ажиллуулсан маань олон хүнийг хөөрөөд явахад нь тусалсан. Үүнийг би том алдаа гэж харсан чинь харин хүнийг карьертай зорилготой болгосон том буян болсон.

-Тэр адал явдлаас юуг  хамгийн сайн ойлгосон вэ?

-Би ээж аавынхаа буянаар хангалуун сайхан амьдралд элэг бүтэн өссөн. Ямарч ажилд шуналын сэтгэл, ямар ч зүйлийг хар буруугаар боддоггүй хэтэрхий гэнэн талдаа. Миний амьдралд үнэндээ туршлага болоод санаа гаргачихаар хүнтэй ч тааралдаж байгаагүй.  Итгэлийг удаан хугацаанд илүү чанарждаг байх гэсэн үгүй байж. 

-Итгэл, уналт хоёр зэрэгцэх тэр үеийн мэдрэмж...

-Яг тэр үедээ л хүнд санагддаг юм. Тэглээ гээд маргааш нь бодоод, нөгөөдөр нь гомдоод явахгүй шүү дээ. Төрөөд удаагүй нялх биетэй байсан болохоор тухайн үед хөхний сүү татарсан. Угийн хурдан темптэй хүн болохоор гялс шаналаад л гялс мартчихсан даа. Харин тэр асуудлын ачаар хурцлагдаж компаниа хөрөнгө оруулалтын чиглэл рүү оруулж авсан. Хүний юмыг хүнд борлуулна гэдэг хэцүү. Тэгээд л би өөрөө худалдаж авахаар шийдсэн. Бас л итгэл алдалтаас үүссэн зовлон нь ашигтай "асуудал" болж хувирсан хэрэг. 

-Энэ бүхний ард яаж гарсан бэ, ээжийг тань бизнес эрхлэгч болохоор тусалж дэмсэн үү?

- Хүмүүс намайг гаднаас хараад “Энэ Урангоо боломжтой айлын хүүхэд юм чинь ээж нь туслаад болчихдог” гэж ойлгодог. Гэтэл бодит нөхцөл байдал тэс өөр. Надад “Хөгжил трейд” ХХК-ийн нэг ширхэг ч хувьцаа байдаггүй. Үл хөдлөх хөрөнгийнх нь ч нэр нь над дээр биш. Манай ээж их зарчимч, хатуу хүн байдаг. Би болохоор аавынхаа зан чанарыг илүү дуурайсан. Ээж бид хоёрын үзэл бодол ер нь таардаггүй юм, зан характер тэс өөр л дөө. Гадаадад олон жил амьдарч ирчихээд ээжтэйгээ таарахгүй, үсэртэл алгадуулж байсан. Эв түнжин тал дээр биш шүү, бид хоёр өөр зарчимтай хүмүүс. Угаасаа ч надад үйлдвэрт ажиллах туршлага байгаагүй. Тиймээс ээж намайг компанидаа ажиллах болоогүй гэж бодоод ажлын санал тавиагүй биз. Ээж минь хал нь гаднаа хайр нь ажилсаг, даруухан хүн. Ариун үйлдвэр байгуулагдаад 15 жил болж байхад манай ээжийн нэг ч ярилцлага сонин дээр гараагүй. Буруугаа өөрөөсөө хай, эрт бос гэсэн хоёр үгийг байнга хэлдэг. Би ээждээ магтуулж үзээгүй. Ээж минь надаар бахархах үе ирэх байх аа, тэр хэмжээнд хүртэл хол байна даа.

-Аав ээжийнхээ бизнесийг өвлөж, ажлыг нь үргэлжлүүлэх бодол байгаагүй юу?

эж  “Чи зүгээр л өөрийнхөөрөө яв” гэж намайг чөлөөлсөнд нь их баярладаг тэгээгүйсэн бол Монгол улсын шилдэг боловсон хүчнүүдийн датабааз бүрдэж UA Consulting LLC компани байгуулагдахгүй. Энэ олон тэрбумын үнэлгээтэй олон үл хөдлөх хөрөнгүүдийг борлуулах нэг орон зай хоосон байх байсан. Хэрэв ээж минь миний бизнесийг авч яв гэж шахсан бол “Ариун” үйлдвэрийн марктенгийн албаны дарга л хийгээд явах байсан болов уу. Өөрийн гэсэн хоёр ч компани байгуулж таван жил тогтвортой ажиллуулж, хүзүүний зүүлтний дэлгүүртэй ч боллоо. Ээж нээлтэнд нь ч ирээгүй, манай оффис дээр хоёр л удаа ирсэн байх, нэг нь миний машин гардаггүй өдөр намайг хүргэж өгөх гэж нөгөө нь надаар орчуулуулсан юмаа авах гэж. Би зөндөө олон шагнал, урамшуулал авч нэр хүнд бүхий сонин, сэтгүүл дээр гарч байсан. Тэр болгоныг өвөө минь л цуглуулж, хадгалж, намайг урамшуулж магтахаас биш ээж бол “аан за...” гээд л өнгөрдөг.

-Магадгүй өөрийг чинь бие даалгах гэж тэр биз ээ?

-Үгүй ээ. Ээж маань цаагуураа тийм далд бодлоготой хүн биш л дээ. Зүгээр л уг зан чанар нь тийм бодь хүн. Өөрийн гэсэн ертөнцөө манай ээж өөрөө бүрдүүлсэн тэр ертөнцөд нь би яг л дэггүй шар охиноороо байдаг. Ээж нэг хүнд /би нууцаар сонссон юм/  "Миний охин сайхан сэтгэлтэй, хэнд ч муу юм хийхгүй" надад тэр нь л болно"  гэж хэлэхийг сонссон. Намайг анх удаа магтаж байгаа нь тэр. Тэр үед би жигтэйхэн хөөрч нөхөртөө утасдаж хэлж байж билээ. Ийм ээжийн хайранд өссөн би ээждээ мундаг хүн болж харагдах гэж их үзнэ.

-Өөр ямар ажил хийхээр төлөвлөж байна ?

-Би борлуулалт тал дээр авъяастай. Үл хөдлөх хөрөнгө дээр, хүний нөөц дээр, миний хобби дээр ч анзаарагддаг. Сүүлийн үед борлуулалтын том сүлжээ компанитай болохыг мөрөөдөж байна. Манай нөхөр намайг энэ тал дээр их дэмждэг. Мэдээж үл хөдлөх хөрөнгө болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн борлуулах тэс өөр хоёр зүйл. Гэхдээ хүний нөөцийн компани ажиллуулдаг хүнд бас их боломж харагддаг юм байна. Би энэ ажлыг хийснээр ээжийнхээ ажилд жинхэнэ утгаар нь тусалж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа. Ээждээ арай хэлээгүй. Нэг их тоохгүй байх,  тоотол нь ажиллана.

-Бүсгүйчүүд үнсгэлжингийн үлгэрээр биш нийгэмд өөрсдөө бие дааж гарч ирдэг болжээ

-Энэ ширээний ард ихэвчлэн үл хөдлөх хөрөнгийн тохиролцоо хийгддэг болохоор та миний гэртээ ямар үнсгэлжин гэдгийг мэдэх боломжгүй. Тэгээд ч миний гэртээ ямар үнсгэлжин байх хэнд ч хамаа байх билээ. Би зүгээр ханхүүтэй суудаг үнсгэлжин биш, өөрийн гэсэн давхар карьертай үнсгэлжин. Хүнд нандин зүйлс байх ёстой. Тэр заавал ил байх шаардлагагүй. Ажил бол мэдээж өөр. Нөхөр маань намайг үргэлж баярлуулдаг.  

-Хамгийн сүүлд нөхрөөсөө ямар бэлэг авсан бэ?

-Энэ жилийн төрсөн өдрөөр нөхөр маань хамгийн сүүлийн загварын Бенз G class бэлэглэж гэнэтийн бэлэг барьсан. 

-Хүүхдийн ээж, хүний хань боллоо, хэр сайн гэрийн эзэгтэй вэ?

-Эмэгтэй хүн гэрийнхээ менежментийг нь сайн хийдэг байхад болно. Ахуйн ажил бол сүйдтэй ажил биш, түүнд цаг зарцуулах эсэх нь өөрийн шийдэх л асуудал. Манайх жолооч, хүүхэд асрагчтай, хоёулаа манайд амьдардаг. Ам бүл зургуулаа гэсэн үг. Би нөхөртөө оройн хоол болон хүүхдүүдээ харах тал дээр ямарч стрэсс өгөхгүй байхыг хичээдэг. Бусад ахуйн ажилд бол би хүний нөөцийн компаниасаа хүмүүс авчихдаг. Гэр бүл оройдоо ямагт нэг ширээнд цуг сууж хооллох ёстой гэсэн зарчимтай. Манайх 10 хүний том ширээтэй. Би ширээгээ чимэглэх, гоё аяга таваг, лаа тавагнууд цуглуулах хоббитой. Оройн хоолыг гэр бүлээрээ хүндэтгэлтэй идэхийг эрмэлздэг. Саяхан Еврэйчүүд тийм соёлтой байдаг гэж уншсан. 

-Нөхрийн чинь ямар зан чанар таалагддаг вэ?

-Надад байхгүй болгон түүнд минь бий.  

-Амьдралаа сошиал ертөнцөөс хэр нуудаг вэ?

-Нөхөр бид хоёр өөрсдийн үеийн залуус дундаа хамгийн сайхнаар амьдарч байгаа. Залуу гэлтгүй ажиллаад хөдөлмөрлөөд энэ бүгдийг бий болгох боломжтой гэдгийг харуулж яваа гэж боддог. Хүссэн үедээ аялах цаг заваас бусад нь бид хоёрт бий. Зарим хүмүүс зуучлал хийдэг гэхээр нөгөө дээр үеийнхээр ойлгоод байдаг. Би үл хөдлөх хөрөнгө авах гэж байгаа хүмүүст гэрийнхээ засалт тохижилтыг заримдаа нээлттэй үзүүлдэг. 

-Бүл нэмэх төлөвлөгөө байна уу?

-Хоёроос гурван жилийн дараа дахин хоёр хүүхэдтэй болно гэж боддог. Одоохондоо хүүхдүүд маань арай жоохон байна. Анхны хүүхдээ гаргаад 14 хоног,  дараагийн хүүхдээ гурван сар гэртээ харж суугаад ажилдаа орж байлаа. Тэр гуравхан сар бол миний хувьд мөрөөдлийн өдрүүд байсан. Гэртээ сул хувцас өмсч үсээ шуучихаад, гоё ширээ засч нөхөртөө оройн хоолыг нь хийчихээд том өрөөнийхөө хивсэн дээр хүүхдүүдтэйгээ эрхэлж тоглох шиг жаргал алга. Гэртээ суухыг үнэхээр хүсдэг.

-Яагаад?

-Хүүхдүүдээ өглөө унтаж байхад нь яваад орой унтаж байхад  ирдэг.  Сүүлийн үед намайг дагаж уйлдаг байснаа больчихсон, намайг гэхээс илүү асрагч ээжийгээ гэх тэр мэдрэмж. Үүний оронд ажилгүй байсан нь дээр санагддаг юм байна. Заримдаа иймэрхүү асуудал дээр өөрөө өөртэйгээ зөрчилддөг Өчигдөр шөнө би нойргүй хоносон. Хүүхдүүд маань ээжтэйгээ байх өдрүүдэд сэтгэл нь хөөрөөд өдөржин эрхэлж тоглоод дэглэм нь алдагдчихдаг. 

-Uran boutique хүзүүний зүүлтний  дэлгүүрээ ажиллуулж байгаа юу?

-Дэлгүүрээ ажиллуулахгүй байгаа. Хүзүүний зүүлт оруулж ирэхэд загварын судалгаа, сонголт гээд цаг хугацаа их шаарддаг. Энд тэндэхийн дэлгүүрүүдээс манай загварын санааг нь аваад ижилхэн зүүлт зөндөө оруулж ирсэн. Бас л миний буруу. 

-Зурагтаар байгаагаасаа өөр гардаг юм байна шүү?

-Уулзсан хүн болгон баталгаатай хэлдэг хоёр зүйл бий. Эхлээд "Зурагтаар харсанаас жижигхэн туранхай юм байна"  дараа нь "Яасан жоохон хүүхэд шиг хоолойтой юм бэ" гэдэг. Би камерт дургүй, гаднаас хүн зураг авахад ч дургүй, би байгаагаасаа жин ихтэй гардаг. 

-Гоо сайхандаа хэр анхаардаг вэ?

-Яг үнэндээ төрснөөс хойш л гоо сайханд орох шаардлага гарч ирдэг юм байна. Ойрын үед гоо сайхандаа нэлээд анхаарч, хэтэрхий их зардал гаргаж байгаа. Туршиж байж л олж авахгүй бол төөрөгдүүлэх юм аа энэ гоо сайхны бүтээгдэхүүнүүд.