Мьянмагийн жинхэнэ удирдагч Аун Сан Су Чи Ракхайн муж дахь эмх замбараагүй байдлаас зугтаж Бангладеш руу дүрвэсэн хүмүүсийг дэмжих шинэ тогтолцоог өөрөө удирдахаа мэдэгдлээ. Хатагтай Аун Сан Су Чи Засгийн газар, төрийн бус байгууллага, НҮБ болон бусад нэгж хамтран хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийг зөвшөөрөх тогтолцоо бий болгох аж. 

Тэдний төлөө хийх бас нэгэн ажил бол Рохинья исламчуудын эсрэг бодолтой хүмүүст нөлөөлөх гэв. “Мьянмад энхтайван цогцлоож чадах гол хүмүүс бол мьянмачууд өөрсдөө. Тиймээс эвсэн нэгдэж, хүч чадлаа зөв зүйлд зарцуулан асуудлаа шийдэх хэрэгтэй” хэмээсэн байна. 

Засгийн газрын цэргүүд болон рохинья исламчуудын мөргөлдөөнөөс болж 510 гаруй мянган хүн зэргэлдээх Бангладеш руу дүрвэсэн. Мьянмагийн Засгийн газар үүнээс болж олон улсаас ихээхэн шүүмжлэл хүртэж, хүний эрхийг зөрчсөн хэмээн буруутгасаар байна.