Шинэ коронавирусээс урьдчилан сэргийлж, төр, хувийн өмчийн бүх сургуул, цэцэрлэг, их, дээд сургууль, МСҮТ-ийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 02-ныг хүртэл зогсоогоод буй. 

Дээрх шийдвэрийн дагуу Улаанбаатар хотоос орон нутаг руу чиглэсэн оюутан, сурагчдын зорчих хөдөлгөөн нэмэгдэж байгаатай холбогдуулан Автотээврийн үндэсний төвөөс зорчигч урсгал нэмэгдэж байгаа хот хоорондын зарим чиглэлүүдэд техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан тээврийн хэрэгслүүдийг нэмэлтээр төлөвлөн тээвэрлэлтийн үйл ажиллагааг хэвийн зохион байгуулан ажиллаж байна. 

Өнөөдрийн /2020.01.27/ 10 цагийн байдлаар 60 чиглэлд 77 тээврийн хэрэгслээр 2695 зорчигч үйлчлүүлж байгаа бөгөөд нийт нутгаар цаг агаар тогтуун, тээвэрлэлт хэвийн, зам даваа саадгүй байна.

Зорчигчид та бүхэн хот хоорондын нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо амны хаалт хэрэглэж, Эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжийг дагаж зорчоорой.

Жич: Зөвхөн Бүгд Найрамдах Хятад Ард Улстай хиллэдэг хилийн боомтын улс хоорондын зорчигчдын тогтмол болон тогтмол тээврийг тодорхойгүй хугацаагаар түр хязгаарласан болно.