"Шударга байдал ба олон нийтийн итгэл" хуулийн байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөн өчигдөр боллоо.

Тус зөвлөгөөнийг нээж, Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа үг хэлэв. Түүний хэлсэн үгээс онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

1. Ялангуяа эрх мэдэлтэй “цагаан захтнууд”-ын үйлддэг авлигын гэмт хэрэг нь цаг хугацаа, хүч хөрөнгө шаарддаг, дотоод, гадаадын шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудын нягт хамтын ажиллагааны үндсэн дээр илэрч шийдвэрлэгддэг онцлог гэмт хэрэг.

2. Гэмт хэргийг шүүхээр хянан шийдвэрлүүлэхэд нотлох баримтыг цаг алдалгүй цуглуулах, хурдтай ажиллахыг нийгэм, цаг үе, нөхцөл байдал шаардаж байна.

3. Гэмт хэргийн замаар олсон хууль бус хөрөнгө, орлогыг оффшор бүсэд байршуулах, гуравдагч этгээдэд шилжүүлэх зэргээр санхүүгийн бүтцийг өргөн хүрээнд ашиглан гадаад улсад нуун далдалж байгаа нь мөрдөн шалгах ажиллагаанд хүндрэл учруулж, цаг хугацаа ихээхэн шаардагддаг.

4. Монгол Улс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стандартын хэрэгжилтээрээ ФАТФ-ын саарал жагсаалтад орсон нь уг асуудлыг зохицуулж буй эрх зүйн орчноо эргэж харах, хууль хяналтын байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, ажлын арга барилаа өөрчлөх, шинэчлэх хэрэгцээ шаардлагыг илэрхийлж байна. 

5. Хуулийн байгууллагуудын хамтын ажиллагааны талаар хууль тогтоогч, шийдвэр гаргагч, иргэд, олон нийт, хууль сахиулагчид зэрэг бүх түвшиндээ бодитой, үнэн зөв ойлголттой болох шаардлагатай.

6. Хууль тогтоомжийг өөрт ашигтай байдлаар өөрчилж, хууль тогтоомжоор давуу байдал олгосон гэж олон нийт бухимдаж, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг нийтээрээ шүүн хэлэлцэж, гэмт хэрэгтнүүдэд ял завших боломж, гарцыг хаахыг нийгэм хүлээж байна.

7. Өнөөдрийн хурдацтай хөгжиж буй орчин үеийн технологийг ашиглах, авлига, албан тушаалын гэмт хэргийг илрүүлэхэд шинжлэх ухаан, технологийн дэвшилтэт аргыг нэвтрүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллах шаардлагатай байгаа.

8. Бид шүүх, хуулийн байгууллагуудын нэр хүнд олон нийтийн дунд унасныг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй.

9. Гэмт хэрэг, зөрчлийн шийдвэрлэлтийн талаар хуульд заасан үндэслэл, журмын дагуу олон нийтэд хэрхэн мэдээлэх ажил шат шатандаа харилцан ойлголцож, тогтож хэвшээгүй, мэдээлэл хаалттай байгаа нь иргэдийн хууль сахиулах болон шүүх эрх мэдлийн байгууллагад итгэх итгэл буурах үндсэн шалтгаан болж байна.

10. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн 2018 оны хэрэгжилтэд дүн шинжилгээ хийхэд “Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын шударга, ил тод, хараат бус байдлыг бэхжүүлэх, авлигын эсрэг хамтын ажиллагааг сайжруулах” зорилтын явц 36,8 хувьтай байгаа нь хангалттай үзүүлэлт биш.

11. Эрдэнэт үйлдвэр, Оюутолгой, Хөгжлийн банк гэх мэт манай улсын эдийн засагт томоохон нөлөө үзүүлж байгаа зарим хэргүүдийг шалгах явцад гадаад улсын хууль сахиулах, санхүүгийн мэдээллийн, мөнгө угаах болон терроризмтэй тэмцэх зэрэг хууль хяналтын байгууллагатай хамтарч ажиллаж байгаа боловч нотлох баримтыг тэр бүр бүрэн дүүрэн, шуурхай олж авч чадахгүй байгаа нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулж байна.

12. Шударга ёс, хууль дээдлэх зарчмыг чанд сахин ажиллахаас бидний ажлын үр дүн шууд хамаарах болно.

Тус хэлэлцүүлгээс...

Зургийг АТГ-ын вэб сайтаас...

Зургийг АТГ-ын вэб сайтаас...

Зургийг АТГ-ын вэб сайтаас...