Өнөөдөр УИХ-ын гишүүн А.Сүхбат Бөхийн Холбооны нөхцөл байдлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийв. 

Тэрбээр "Тус холбооны тэргүүн Л.Чинбат, Дархан аварга Х.Баянмөнх, УИХ-ын гишүүн Дархан аварга А.Сүхбат нар энэ сарын 15-нд Дархан аварга Г.Өсөхбаяр, Улсын гарьд Д.Рагчаа, Улсын заан Ц.Мягмарсүрэн нартай уулзжээ. Үндэсний их баяр наадам болоход цөөн хоног үлдээд буй энэ цаг мөчид МҮХБ-нд үүсээд буй маргаантай асуудлыг эвлэрлийн гэрээгээр зохицуулах талаар энэ уулзалтаар санал солилцож, оролцогч талууд дэмжжээ. 

Мөн энэ үеэр Дархан аварга Г.Өсөхбаяр эвлэрлийн гэрээний асуудлыг Дархан аварга Б.Бат-Эрдэнэд танилцуулаад хариугаа ирүүлнэ хэмээн мэдэгджээ. Гэвч маргааш нь буюу энэ сарын 16-нд Дархан аварга Г.Өсөхбаяр эвлэрлийн гэрээ байгуулах боломжгүй болсоноо мэдэгдсэн гэдгийг А.Сүхбат гишүүн хэлэв".

Тэрбээр үргэлжлүүлэн "Бөхөд хайртай монгол түмэн, Үндэсний их баяр наадмаар сайхан барилдаан үзэх гэсэн ард түмнээ хүндлээч ээ. Төрөө хүндлээч ээ гэж хүсч байна. Та бол аварга хүн. Бөхчүүдэд, бөх сонирхогч ард түмэнд Үндэсний их баяр наадам маш чухал. Тиймээс та өөрийн хувийн ашиг сонирхлоо хойш тавьж, бөхөд хайртай ард түмнээ хүндэлж, бидний саналыг хүлээн авч эвлэрээч ээ гэж хүсмээр байна. Бидний хэрүүл маргаанаас илүү монгол түмэн сайхан баярлах ёстой. 

Телевизийн өмнө сайхан зүйл ярьчихаад ар хударгаар бөхчүүдийг талцуулж, муудалцуулж, Увс, Халхаар нь хуваа, энэ талцлаас ашиг хонжоо олж, Допингийн комисс гэдэг байгууллагаараа бөхчүүдийг шантаажилж, рекетлэж, ид барилдаж яваа залуусаа дарж авах зэвсэг болгож, эвлэрүүлэхгүй байгаа үйлдлээ зогсооно уу. Бөхөд хайртай ард түмнээ хүндлээд ухаалаг шийдвэр гаргана гэдэгт итгэж байна. Хэдий та ингэж талцуулж байгаа ч Монгол бөхчүүд эвлэлдэн нэгдэх сайн цаг удахгүй ирж л таараа” гэлээ.  

Баасан гарагт болсон уулзалтын бичлэг: