УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Манай улс 2019 онд хүнсний ногоо 8.3 мянган га талбайд тариалж, 94.6 мянган тонн ургац хураан авч хэрэгцээнийхээ 40 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангажээ.

Сүүлийн үед манай улсын хүнсний ногоо үйлдвэрлэлийн томоохон компаниуд энэ чиглэлийн бизнесийг тогтмол алдагдалтай байсан гэх шалтгаанаар ээлж дараалан орхиж байна. Тухайлбал, Сэлэнгэ аймагт 6000 гаруй хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгч байснаас одоогийн байдлаар 3000 болтлоо багассан статистик мэдээлэл гарчээ. 

Тиймээс хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр хангах болон хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгчдийг төрөөс бодлогоор дэмжих зорилгоор хүнсний ногоо импортоор оруулахад гаалийн албан татварын хэмжээ 20 хувь байгааг 30 хувь болгохоор тогтоолын төсөлд тусгасан юм. Импортын татварыг нэмэгдүүлж, төрийн бодлогоор үндэсний үйлдвэрлэгчдээ хамгаалснаар 30-аад жилийн өмнөх шиг дотоодын хэрэгцээг чанартай хүнсний ногоогоор 100 хувь хангах нөхцөл бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ. 

Хэлэлцүүлгийн үед өргөн хэрэглээний хүнсний ногооноос гадна сармис, өргөст хэмх, улаан лооль, тарвасны татварыг 30 хувь хүртэл нэмэгдүүлэх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжлээ.

УИХ-ын гишүүн А.Сүхбат:

Монгол Улс хавдарын өвчлөлөөрөө тэргүүлж ирлээ. Үүний ард хүнсний аюулгүй байдалтай холбоотой. Монгол 1997 онд Дэлхийн худалдааны байгууллагад элссэн. Гэхдээ бид бодлогын хувьд алдаа гаргасан. Энэ нь хүнсний ногооны гаалийн албан татварын дээд хэмжээг 20 хувь байхаар тогтоосон бодлогын том алдаа юм. Бид эргээд алдаагаа засаж монгол ногоогоо, монгол ногоочдоо дэмжих цаг нь болсон. Ер нь ч ХАА-н салбарыг бодлогоор дэмжих цаг болчихлоо.  Тиймээс энэ жил ногоочдоо дэмжинэ ээ, та бүхэн ногоо сайн тарихыг хүсэж байна.