Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, “НОСК” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга М.Энх-Амар нар өнөөдөр асрамж халамжийн төвөөс 18 насанд хүрч гарсан хоёр хүнд орон сууцны батламж гардуулан өглөө. 

Мөн хүүхдийн төрөлжсөн асрамж, халамжийн төвөөс 18 нас хүрч, бие даан амьдралд хөл тавьж байгаа залуучуудаа дэмжих зорилгоор “НОСК” ХК, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан юм. 

Энэхүү санамж бичгийг байгуулснаар асрамж, халамжийн төвөөс 18 насанд хүрээд гарч буй залуучуудыг түрээсийн орон сууцанд хамруулах журам боловсруулах, түрээсийн орон сууцыг тусгай шаардлагын дагуу үе шаттайгаар өмчлүүлэхийг дэмжих үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.   

Энэ үеэр нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Монгол Улсын Засгийн газар 150 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Харин нийслэлээс хэрэгжүүлж буй орлогод нийцсэн орон сууц хөтөлбөрийн хүрээнд “Ковид-19” цар тахлын үед өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа алба хаагчдад орон сууцны батламж гардуулсан. 

Иргэдийн зүгээс урьдчилгаа төлбөргүй, нийгмийн даатгалын шимтгэлээ тогтмол төлдөггүйгээс болж орон сууцтай болох боломж хязгаарлагдмал байдаг. Иймд түрээслээд өмчилдөг хэлбэрээр иргэдээ орон сууцтай болгох ажлыг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ ажлын хүрээнд залуусыг дэмжиж, орон сууцтай болгох, ажлын байраар хангах ажлыг зохион байгуулж байна” гэдгийг онцоллоо.    

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.АриунзаяаЗалуучуудыг орон сууцаар хангахаас гадна ажлын байраар хангаж, үүнд анхаарч байгаа нь маш чухал. 2018 оны ядуурлын түвшин 28.4 хувьтай байсан. Үүний тал хувь нь Улаанбаатар хотод төвлөрдөг. Тиймээс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам ирэх жилүүдэд халамжаас хөдөлмөр рүү чиглэх ажилд түлхүү анхаарч ажиллах болно” хэмээлээ.

Монгол Улсын хэмжээнд энэ оны зургаадугаар сарын 1-ний өдрийн байдлаар хүүхдийн төрөлжсөн асрамж халамжийн 21 байгууллагын 31 төв үйл ажиллагаа явуулж, нийт 1069 хүүхэд сурч, хүмүүжиж байна. 

“НОСК” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар “Асрамж халамжийн төвөөс 18 насанд хүрч ажил, амьдралын гараагаа эхэлж буй хүүхдүүдийг ажлын байртай болгох, цаашлаад орон сууцаар хангахад анхаарч байна. Үүний эхлэл болж хоёр хүүхдэд орон сууцны батламж гардуулан өгч, цаашид олон хүүхдийг хамруулахын төлөө өнөөдөр энэхүү санамж бичгийг байгууллаа” гэв.

“Өнөр бүл” хүүхдийн төвд өсч, хүмүүжсэн Л.Төрболд “Биднийг дэмжиж, орон сууц өгч байгаад талархаж байна. Маш их баяртай байна” гэсэн бол “Манай гэр” асрамж халамжийн төвд өсч, хүмүүжсэн Б.Батдорж “Бидэнд ийм том боломж өгч байгаа учраас сургуулиа сайн төгсөж, эзэмшсэн мэргэжлээрээ улам хичээж ажиллах болно” хэмээлээ.    

Дашрамд дурьдахад, асрамж халамжийн төвийн хоёр хүүхдийг эхний ээлжид халамжийн орон сууцанд хамруулна. Нэг үгээр хэлбэл, түрээсийн төлбөргүйгээр орон сууцанд хамруулах юм. Цаашлаад түрээслээд өмчилдөг орон сууцанд хамрагдаад явах бололцоогоор нь хангах аж.