БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг өнөөдөр АШУҮИС-ийн Монгол-Япон сургалтын эмнэлэгийн үйл ажиллагаатай танилцлаа.

АШУҮИС-ийн судалгаа, эрдэм, шинжилгээ, сургалтын тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг болоод буй тус эмнэлгийн төслийг Монгол, Японы Засгийн газар хооронд 2014 онд гэрээ байгуулсны дүнд Япон Улсын Засгийн газрын санхүүжилтээр 2015-2019 онд хэрэгжүүлж, барилгын ажлыг гүйцэтгэн ашиглалтад хүлээлгэн өгсөн юм.

Анх Эрүүл мэндийн яамны харьяанд байгуулсан. Гэвч цаашид АШУҮИС-ийг төгсөн гарч буй эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх эрүүл мэндийн салбарын бодлого, эрэлт хэрэгцээнд нийцсэн хүний нөөцийг бэлтгэхэд чухал үүрэгтэй гэж үзсэн учраас Засгийн газрын 2020 оны гуравдугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар БСШУС-ын яамны эрхлэх асуудлын хүрээнд шилжүүлсэн юм. 

Тиймээс салбарын сайд сургалтын эмнэлгийн нөхцөл байдалтай газар дээр нь очин танилцаж, эмч, мэргэжилтнүүдийн саналыг сонсож, холбогдох шийдвэрийг танилцуулав.

Хүний нөөц хангалттай бэлтгэгдсэн ч санхүүжилтээс болж зарим тоног төхөөрөмжөө ашиглаж чадахгүй байгаагаа эмч, мэргэжилтнүүд хэллээ. Түүнчлэн эмнэлэг дээр өр үүсч, эм, урвалж бодис, эмнэлгийн хэрэгсэлийн дутагдалд оржээ.

Энэ үеэр Сайд Ё.Баатарбилэг "Эхний ээлжид эмнэлгийн хэвийн үйл ажиллагаанд нэн шаардлагатай байгаа урсгал зардлыг Засгийн газар, холбогдох яамд хамтран шийдвэрлэнэ. Түүнээс гадна дутагдалтай байгаа 10 гаруй тэрбум төгрөгийн өртөг бүхий эмнэлгийн тоног, төхөөрөмжийг Дэлхийн банкны санхүүжилтээр шийдэхээр болж байгаа. Сангийн яам холбогдох хэлэлцээрийг хийсний дараа ажлыг нэн даруй эхлүүлнэ. Бусад төхөөрөмжид шаардлагатай 2.3 тэрбум төгрөгийн асуудлыг төсөвт суулгаж өгсөн" гэлээ.

Мөн эмнэлэг дээр үүсээд буй 800 гаруй сая төгрөгийн өрийг шийдвэрлэхээр боллоо. Ингэснээр эмнэлгийн үйл ажиллагаа жигдэрч, бүрэн хүчин чадлаараа ажиллах боломжтой болох юм.