АСЕМ-ыг зохион байгуулсан үйл ажиллагаа, санхүү, зардалд хийсэн Үндэсний аудитын дүгнэлтийг өнөөдөр танилцууллаа.  

Аудитын дүгнэлтийн талаар Монгол Улсын Ерөнхий Аудиторын орлогч С.Оюунбилэг “АСЕМ зохион байгуулсан төсвийн зарцуулалтыг хийсэн төрийн 46 байгууллага, 28 хуулийн этгээдэд шалгалт хийсэн. Үүний үр дүнд 163.6 сая төгрөгийн акт, 151.8 тэрбум төгрөгийн албан шаардлага өгч, 79.2 тэрбум төгрөгийн зарцуулалтай 17 албан тушаалтанд хариуцлага тооцуулах, 290.9 тэрбум төгрөгийн зарцуулалтай холбоотой асуудлыг хуулийн байгууллагад шилжүүлэн шалгуулахаар шийдвэрлүүлж, Засгийн газар, Сангийн сайд, Гадаад харилцааны сайд, Нийслэлийн Засаг дарга, Хөгжлийн банкинд нийт 12 зөвлөмж өглөө.    

АСЕМ-ын үйл ажиллагаанд хийсэн Аудитын дүгнэлтээр дараах зөрчлүүд илэрлээ

АСЕМ-д зориулан “Тэнгэрийн өрх” хөшөө хийлгэх, суурилуулах болон Энхтайваны хонх хөшөөг зөөж суурилуулахтай холбоотой нийт 668.7 сая төгрөгийн зардал гарсан боловч анхан шатны санхүүгийн баримт дутуу ажил хүлээлцсэн акт баримт дутуу, уг хөшөөг хамгаалах эзэнгүй байна.   

Бэлэг дурсгалын төсвийг хэтрүүлэн 981.4 сая төгрөгийг зарцуулсан байна. Тухайлбал, дээд хэмжээний уулзалтад оролцсон төлөөлөгчид 55 ш эмээл, хазаар бэлэглэсэн ба АСЕМ-ын зочдод хүн тус бүрт 6.7 сая төгрөгийн бэлэг дурсгалын зүйл гардуулжээ.  

Иргэний нисэхийн ерөнхий газар 37.1 тэрбум төгрөгийг АСЕМ-тай холбоотой төсөл, арга хэмжээнд зарцуулахаар гэрээ байгуулахдаа тендерийн хууль зөрчсөн байна.  

АСЕМ Вила цогцолборын орчинд 2 га талбайд 150 сая төгрөгийн 580 ширхэг мод, бутыг суулгасан гэсэн боловч эзэмшигч тодорхойгүй, бүртгэлд тусгаагүй байна. 

АСЕМ-ын үйл ажиллагаатай холбоогүй төсөл, арга хэмжээг түүний нэр дор шууд гэрээ байгуулсан зөрчил илэрсэн.

АСЕМ-ын үйл ажиллагаанд зориулан Хөгжлийн банкны эх үүсвэрээр арилжааны банкаар дамжуулан зочид буудлуудад 233.4 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон байна. 

Зургаан жилийн хугацаатай жилийн дөрвөн хувийн хүүтэй үнэт цаас дотоодын зах зээлд гаргахыг Хөгжлийн банкинд зөвшөөрсөн байна. Үүний дагуу Худалдаа хөгжлийн банк, Голомт, Улаанбаатарын хотын банк, Хаан, Төрийн банкинд үнэт цаасыг худалдсан бөгөөд арилжааны банкууд дэд зээлдэгч болох 17 компанитай жилийн 13-14 хувийн хүүтэй гэрээ хийжээ.

АСЕМ Вилла хотхоны төслийг хэрэгжүүлэхэд олгох хөнгөлөлттэй зээлд 125 тэрбум төгрөгийг гаргахыг Хөгжлийн банкинд зөвшөөрч Скай ресорт ХХК-д зээлийг олгосон байна.  

АСЕМ-ын үйл ажиллагаанд БНХАУ, БНСУ-ын Койка байгууллагаас 20.4 тэрбум төгрөг тусламжаар ирсэн ч хүлээн авсан эзэн тодорхойгүй, баримт мэдээлэл алга байна.

АСЕМ-ын үйлчилгээнд БНСУ-ын Экспорт, импортын банкны зээлээр авсан 43 автобусыг ашиглах шаардлагагүй байсан ба АСЕМ-тай холбоотойгоор 195 сая төгрөгийн нэмэлт зардал гаргасан.  

Автобус авсан зээлийн хүүнд 2016-2017 онд 50.5 сая төгрөг төлөхөөс 2017 онд 35.2 сая төгрөгийг төлж, одоо 15.2 сая төгрөгийн улсын төсвөөс төлөх үлдэгдэлтэй байна.