Сүмочдын үсийг насаараа засаж буй нэгэн эрхэм 75 насандаа уушгины өвчнөөр нас барсан байна. Салах ёс гүйцэтгэх ёслол өчигдөр Токиод болсон бөгөөд Сүмогийн холбооны ерөнхийлөгч нарын нэр хүндтэй эрхмүүд оролцсон аж. Тэдний нэг нь 68 дахь их аварга Асашорюү Д.Дагвадорж. Тэрбээр талийгаачийг "Япон аав" хэмээн хүндэлж дуудан, санал бодлоо солилцдог байсан бөгөөд энэ тухайгаа  "Хааяа гаргачихдаг томоогүй занг минь засах гэж их олон зүйл хэлж өгдөг байсан даа" хэмээн дурсан ярижээ.

Хэдийгээр сүмогийн ертөнцийг орхисон ч Аса аварга хүн чанар гарган өөрийнх нь үсийг засдаг өндөр настны оршуулгын ёслолд зорин ирсэнд талийгаачийн гэр бүл төдийгүй япончууд ч талархалтай хандсан байна. 

Мэдээний доор олон япон хүн сэтгэгдэл үлдээжээ. Тухайлбал:

✔Аса ч хүний ач мартдаггүй хүн юм даа.

✔Аса доодох бөхчүүдийнхээ баяр дээр нэг өдрийн шагналын мөнгөө тэр чигээр нь тавьчихаад л явчихдаг байсан. Жаахан сахилгагүйгээсээ болоод зодог тайлахаас өөр аргагүй байсан ч үнэхээр хүчтэй бөх байсан.

✔Асаг мэддэг хүмүүс нь мэднэ дээ. Хүний тус мартдаггүй, чигч хүн дээ.

✔Аса дэвжээний дотор ч гадна ч нэг л зангаараа бөх байж дээ.

✔Юм л бол хэл аманд өртчихдөг байсан ч, Аса цаанаа бол шударга, өөрийн гэсэн бодолтой хүн.

✔Шуугиулдаг нөхөр байсан шүү тээ. Гэхдээ одоо бодоод байх нь ээ, тухайн үед хэвлэл мэдээллийнхэн хэтэрхий их сэвээд байсан тал байгаа байх шүү.