Цагдаагийн ерөнхий газрын урьдчилан сэргийлэх хэлтсээс өнөөдөр /2018.03.01/ “Архидалт гэмт явдалтай тэмцэхэд төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагаа” сэдвээр Хууль зүйн үндэсний хүрээлэнд хэлэлцүүлэг зохион байгуулав.

Улсын хэмжээнд 2017 онд 32259 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 4012 буюу 12.4 хувь нь согтуугаар үйлдэгдсэн байна. Согтуурсан үедээ зөрчил гаргасны улмаас өнгөрсөн онд 86497 хүн саатуулагджээ. Үүний 6.3 хувь нь эмэгтэй, 271 буюу 0.31 хувь нь насанд хүрээгүй хүн байна.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс өгсөн мэдээллээр 2017 онд архины хордлогын улмаас 356 хүн нас барсан ба өмнөх онтой харьцуулахад 15.5 хувиар өсжээ. Мөн цагдаагийн байгууллагаас аймгийн эрүүл мэндийн газар, бүсийн оношлогоо эмчилгээний төвтэй хамтран архи хэтрүүлэн хэрэглэгч 911 иргэдийг үзлэг шинжилгээнд хамруулан 431 иргэнийг архины албадан эмчилгээнд хамруулжээ.