Period Poverty буюу Сарын тэмдгийн гачигдал таны бодсоноос ч тархмал. Тэр дундаа ядуурлын зэрэг өндөр, буурай орнуудад бүр ч их. Кенид гэхэд нийт эмэгтэйчүүдийн 65 хувь нь сарын тэмдгийн бүтээгдэхүүн худалдан авах чадалгүй. Үүний үр дүн юу вэ?

Сая, сая хүн боломжоос хоцорч байна. Жишээ нь цэвэрхэн хувцасгүй хичээлдээ явж чадахгүй байхад зарим нь дамски, тампон авахын тулд биеэ үнэлэх ч явдал гардаг. Кенид дамски хэрэглэдэг гурван эмэгтэйн хоёр нь бэлгийн замаар хэрэгцээгээ хангаж буй. 

Сарын тэмдгийн гачигдал Бангладеш бүсгүйчүүдэд хэрхэн нөлөөлдгийг Гэбби Эдлин “It’s Only Blood” номондоо өгүүлсэн. Тэндхийн нэхмэлийн үйлдвэрт ажилладаг эмэгтэйчүүд шалан дээр унаж үлдсэн утас түүж базаад дотоожиндоо хийдэг. Энэ дөнгөж эхлэл нь. Саван ч үгүй бохир усаар өнөөхөө угааж буцаагаад хийдэг нь эрүүл мэндэд нь асар их хохиролтой. 

Бангладешт дамски бол тансаг хэрэглэл. Эдлин “Баячууд л ийм зүйлээр өөрийгөө эрхлүүлдэг. Түүнээс биш, сарын тэмдэг нь ирдэг хүний хэрэгцээ биш болж хувирсан” хэмээн бичжээ. Энгийн ажилчдын цалингаар авах ямар ч боломжгүй учраас л санаанд оромгүй аргаар аргацааж байгаа нь энэ. 

Сарын тэмдгийн гачигдал зөвхөн Кени, Бангладеш тэргүүтэй буурай орнуудыг хамардаггүй. Өнгөрсөн онд Их Британид 137, 000 хүүхэд дамски, тампон авч чадаагүй тул хичээлээ тасалсан.

Америкийн тухайд ядууралд өртсөн 39.7 сая хүн байх ба хоолны талонд нь эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэл багтаадгүй гэнэ. Мөн 5 сурагч тутмын нэг нь сарын тэмдэгээ далдлах хэрэгсэлгүйн улмаас хичээлдээ явдаггүй ажээ. 

Сарын тэмдгийн хямралыг давах нэг гаргалгаа нь сарын тэмдгийн аяга байх боломжтой. Уян хатан бүтэцтэй энэ зүйлийг латекс резин болон силиконоор хийсэн. Цусыг дамски, тампон шиг шингээдэггүй, харин цуглуулж авдаг. 

Чимхэж байгаад тампон шиг зөв хийж чадвал юу ч мэдэгдэхгүй. Аяга ормогцоо өөрөө хэвийн хэмжээндээ очиж үтрээний хананд наалдана. Хажуугаар нь асгарахгүй байх үүднээс тодорхой жийргэвчтэй. 

Гаргахдаа доод хэсэгт байх үзүүрээс татаад, доторх цусаа асгаж угаагаад ахиад хэрэглэх боломжтой. Сарын тэмдэг дуусмагч буцалгаж ариутгаад хадгална. 

Олон удаа хэрэглэж болдог сарын тэмдгийн аяга дунджаар 20-30 мянган төгрөгийн үнэтэй байдаг. Иймд хандиваар нэг тараасан байхад 10-15 жил хэрэглэх боломжтой. Биед хоргүй, байгальд ч ээлтэйгээс гадна хамгийн гол нь ариун цэврээ сахихад хялбар болж байгаа юм. Мэргэжилтнүүд аюулгүйг нь тогтоосон тул өнөөдрөөс ч хэрэглэсэн болно. 

Эсгий, хөвөрсөн утас, олс, үжирсэн даавуу хийж, магадгүй энд тэнд бие засаж эргээд энэ нь вирусын халдвар болох магадлалтай. Үүнээс ч илүү аюул нүдэнд харагдахгүйгээр биднийг заналхийлж мэдэх. Сарын тэмдгийн гачигдал Монгол Улсад ч бий. #сарынтэмдгийнгачигдал гэсэн hashtag хэрэглэж аяга хэрэгцээт хүмүүст нь тараах аян хийж яагаад болохгүй гэж.