Монгол Улсын баатар, Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүлийг шүүх хурал өнөөдөр болж байна. Тэрбээр Ерөнхий сайд асан М.Энхсайханыг хууль бусаар цагдан хорьсон хэрэг явдлын цаадах ноцтой хэд хэдэн асуудлыг хөндсөн нийтлэл бичсэн нь Ерөнхийлөгчийг гүтгэсэн гэх хэрэгт буруутгагдах шалтгаан болжээ.

Тус шүүх хуралд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга  З.Энхболд оролцохоо мэдэгдсэн. Одоогоор хэлэлцүүлэг үргэлжилж байгаа, эцсийн шийдвэр гараагүй болохыг Сүхбаатар, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мэдээлэв.

Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс гаргасан гомдлын бичигт "М.Энхсайханы баривчилгааны сайн тал нь Ерөнхийлөгчийн шинэ томилгооны жинхэнэ цааад улс төрийн зорилгыг тодрууллаа", "Өнөөдөр М.Энхсайхан дахиад л том сорилттой учирлаа. Ерөнхийлөгч Х.Баттулга "унагаж байж салдаг хүн" зэргээр Монгол Улсын Ерөнхийлөгч болон түүний Тамгын газрын даргын нэр төр, алдар хүндэд нь халдан ор үндэслэлгүйгээр гүтгэсэн байна гэжээ. Мөн энэхүү этгээдийн хууль бус ажиллагаа Монгол төрийн үнэлэмжийг үгүй хийх, үнэгүйдүүлэх, иргэдийг талцуулах хорон муу үр дагавартай иймээс нэн даруй хуулийн хариуцлага хүлээлгэх шаардлагатай хэмээжээ.

Тохуутай мэт Ардчилсан Үндсэн хуулийн өдрөөр бичсэн нийтлэлийнхээ төлөө шүүгдэж буй ардчиллын алтан хараацай Э.Бат-Үүл энэ талаар "Ардчилсан Үндсэн хууль батлагдсан өдөр Ерөнхийлөгчийн нэр төрд халдсан хэргээр шүүгдэгч болоод сууж байна" хэмээн твиттер хуудаснаа жиргэсэн байна.