УИХ-ын чуулганаар “Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн байна.

Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Я.Санжмятав танилцуулсан юм.

Тэрбээр илтгэлдээ, "Ардчилсан хувьсгалын ой бол монгол хүн бүрийн шинэ түүхийн үеийн, бүхэл бүтэн монголчуудын хэв маяг, нийгмийн шинэ үнэт зүйлийг шинээр бий болгосон үйл явдал гэдэг утгаараа нийт ард түмний баяр юм. Бид олсон ололт, авсан сургамждаа дүгнэлт хийж, хариуцлагатай ардчиллыг цаашид гүнзгийрүүлэх, Ардчилсан хувьсгал өрнөсний 30 жилийн үнэ цэнийг үнэлэн дүгнэж, Монгол орны түүхийг бодит үнэнээр нь баталгаажуулах, бэхжүүлэх, үүнд оролцсон хүмүүсийг алдаршуулах зайлшгүй шаардлагатай байна гэж үзсэний үндсэн дээр Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулийн дагуу Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж, өргөн мэдүүлсэн" гэдгийг хууль санаачлагч илтгэлдээ дурдлаа.

Мөн төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ нар медаль бий болгож баяр тэмдэглэж баярлахдаа гол биш ардчиллыг улам бэхжүүлэх, үнэт зүйлсээ хамгаалах, шударга ёсыг эрхэм болгож ард иргэдээ ажилтай, орлоготой байлгахад анхаарах ёстойг хэлээд төслийг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм.

Ингээд санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 61.9 хувь нь тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэнд тооцож анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

Тогтоолын төсөл нь 3 зүйл, 2 хавсралттай бөгөөд Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох, хэнд, хэрхэн олгох харилцааг зохицуулахаар төсөлд тусгажээ.

Тогтоолын төсөл батлагдсанаар нийгэм, эдийн засаг, хууль зүйн аливаа сөрөг үр дагавар үүсэхгүй бөгөөд монгол хүн бүрийн нийгмийн шинэ үнэт зүйлийг шинээр бий болгосон Монгол орны түүхийг бодит нь баталгаажуулах, бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах үйл явц болно гэж үзэж буйгаа хууль санаачлагч хэлж байв. Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль нь Ерөнхийлөгчийн зарлигаар олгогдох юм байна.