Ард түмний олонхийн засаглал нам (АТОЗН)-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Ц.Нарангэрэл нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх өнөөдөр хянан хэлэлцлээ.

Хүсэлт гаргагчаас ирүүлсэн баримт болон намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нийцсэн гэж Дээд шүүх үзэж,  уг намыг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохоор шийдвэрлэв. 

Ингэснээр Ард түмний олонхийн засаглал нам нь Монгол Улсад улс төрийн үйл ажиллагаа явуулах эрхтэй болж байгаа бөгөөд Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль болон бусад хуульд нийцүүлж үйл ажиллагаагаа явуулахыг Дээд шүүх даалгасан байна.

Ард түмний олонхийн засаглал нам нь улсын бүртгэлд бүртгэлтэй 29 дэх нам болж байгаа юм.