Улсын Их Хурлын 2019 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн (2019.09.11) нэгдсэн хуралдаан гишүүдийн 77.3 хувийн ирцтэй эхэлж,  Улсын Их Хурлын нэр бүхий 62 гишүүнээс өргөн мэдүүлсэн  Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, Ард нийтийн санал асуулгад оруулах төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ. 

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 12 цаг буюу арван долдугаар жарны төмөр хулгана жилийн зуны тэргүүн сарын шинийн гуравны өдрийн морин цагаас улс орон даяар дагаж мөрдөхөөр найруулгын өөрчлөлт оруулахаар санал гаргасан болно.

Хуралдаанд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын дэд хэсгийн ахлагч, Монгол Улсын гавьяат хуульч Н.Лувсанжав, Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн асан Д.Лхамжав,  Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн асан Р.Хатанбаатар, УИХ-ын гишүүн, Улсын Бага Хурлын гишүүн асан Ц.Товуусүрэн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор, профессор О.Мөнхсайхан, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, профессор доктор А.Бямбажаргал, Үндсэн хууль судлаач О.Машбат нарын Ажлын хэсгийн гишүүд оролцжээ.

Гишүүд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд нэмж тусган, ард нийтийн санал асуулгад оруулах төсөлд оруулах, найруулгын засвар хийсэн саналуудын талаар үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Ингээд төслийн зүйл, хэсэг, заалтад найруулгын засвар хийсэн есөн саналын томьёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэсэн. 

Их Хурлын нэр бүхий 62 гишүүнээс өргөн мэдүүлсэн  Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, Ард нийтийн санал асуулгад оруулах төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлжснээр чуулганы хуралдаан 15 минут түр завсарлав. 

Энэ үеэр тус Байнгын хороо хуралдаж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, Ард нийтийн санал асуулгад оруулах төслийг хоёр дахь хэлэлцүүлэг хийсэн тул УИХ-ын чуулганы нэгдсэн  хуралдаан үргэлжиллээ. Төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцуулав. 

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй тул  “Ард нийтийн санал асуулгад оруулах Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлая” гэсэн  саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон 60 гишүүдийн  58 нь  дэмжив.  

Үргэлжлүүлэн “Ард нийтийн санал асуулгад оруулах Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцуулав. 

Төрийн байгуулалтын байнгын хороо 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа уг  тогтоолын төслийг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр чуулганы хуралдаанд танилцуулж, батлуулах нь зүйтэй гэж үзсэн байна. 

Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. 


Уг тогтоолын төсөлд Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран наймдугаар зүйлийн хоёр дахь хэсэг, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дугаар зүйлийн 24.8 дахь хэсэг, санал хураалтын дүнг үндэслэн УИХ-ын 2019 оны есдүгээр сарын 07-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг ард нийтийн санал асуулгаар оруулах нь зүйтэй гэж УИХ-ын нийт гишүүний 94.8 хувь нь буюу гуравны хоёроос доошгүй саналаар тогтсон тул ард нийтийн санал асуулгыг улс орон даяар явуулахаар тогтоосугай хэмээн тогтоолын төсөлд тусгажээ.

Ард нийтийн санал асуулгад оруулах Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг хавсралтаар батлахаар тусгасан байна.

Ингээд тогтоолын төслийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүд 98.3 хувь нь  дэмжлээ.  Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар, Ард нийтийн санал асуулга зохион байгуулалт, зардлыг багасгах, хугацаатай холбоотой асуудлыг Засгийн газар, Сонгуулийн ерөнхий хороонд дахин хянуулахаар болсон  тул тогтоолын төслийг дараагийн хуралдаанаар хэлэлцэнэ гэдгийг гишүүдэд анхаарууллаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.