НЬЮ-ЙОРК. /The Verge/. “Араатны хаан арслан” хүүхэлдэйн киноны шинэчилсэн хувилбар 1.3 тэрбум ам.долларын ашиг орлого олж, “Frozen” хүүхэлдэйн киноны дээд амжилтыг эвдэн, хүүхэлдэйн киноны төрөл дотроо хамгийн өндөр ашиг орлоготой кино болсон байна хэмээн “Box Office Mojo” цахим хуудас мэдээлжээ.

Энэхүү зурмал, хөдөлгөөнт киног бүтээхэд зураачид оролцсон хэдий ч “Disney” компани бүтээлээ хүүхэлдэйн кино гэж нэрлэхтэй санал нэгдэхгүй байгаа аж. “Disney” компани бүтээлээ фотореалист кино гэж тодорхойлж байна. 

“Бүтээлийг ямар стандартаар хэрэгжүүлсэн гэдгээс бүх зүйл хамаарна. Кинонд амьтад болон бодитой гэж нотолж болохоор дүрүүд байхгүй. Бүх зүйлийг зураачид бүтээсэн хэдий ч хүүхэлдэйн кино гэж нэрлэх нь өрөөсгөл ойлголт гэж бодож байна” хэмээн найруулагч Жон Фавро ярьжээ.  

“Хүүхэлдэйн кино гэж үзэхээс татгалзаж байгааг “Disney” компанийн “CGI” фотореалист технологийн давуу талыг батлах гэсэн оролдлого болов уу гэж харж байна” хэмээн The Verge цахим хуудас мэдээлсэн байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг