Монголчуудын ням гараг бүр шимтэн үздэг болсон “Аппрентис Монгол” шоуны ялагчаар Ц.Бархас тодров. Тэрээр Монголын банк, санхүүгийн салбарын түүчээлэгч, топ бизнесмэн Ч.Ганхуягийн удирдлага дор Ард санхүүгийн нэгдэлд жилийн 200 сая төгрөгийн цалин, урамшуулалтай ажиллана.

Зургийг "Монгол TV"-ийн фэйсбүүк хуудаснаас...

Шоуны финалын шатанд Ц.Бархас, О.Энхжин нар шалгаран үлдсэн. Тэд сүүлийн шалгаруулалтад бусад 10 оролцогчоосоо 5, 5-aaр нь сонгон авч баг байгуулж, 15 сая төгрөгийн санхүүжилт аван нийгмийн сайн сайханд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулав. 

Улмаар тэмцээний дүн болон шоуг зохион байгуулагч, чэйрмэн Ч.Ганхуягийн сонголтоор Ц.Бархас шилдгээр шалгарч, ялагч боллоо. 


“Аппрентис Монгол” шоуны төгсгөлд чэйрмэн Ч.Ганхуягийн хэлсэн үгээс онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

- Манай анхны ялагч Ц.Бархас байлаа. /Анхны гэж буй учир шоуг дахин зохион байгуулж магадгүй гэж таамаглав/

- Том итгэл найдвар, хүлээлтийг том хариуцлага дагана. 

- Би ардын хүүхэд юу хийж болдгийг харуулъя гэсэн зорилго дэвшүүлсэн. Татлаа, түтлээгүй амьдарч болно гэдгийг харуулахыг зорьсон. 

- Өөрийнхөө араас залуусыг дагуулъя гэж шийдсэн. Та бүхэн уриалгыг минь хүлээн авч ирж, ардын хүүхэд ямар чадалтай байж, ямар өндөрлөгт хүрч болдгийг яруу тодоор харууллаа. 

- Энэ шоунаас Монголын анхны хамгийн том од СЕО төрлөө.

- Шоуг үзэж буй олон мянган залуус нэгийг бодсон болов уу. Үүнийг үзсэн малчин айлын хүүхдийн сэтгэлд итгэл найдвар төрж, том мөрөөдөж эхэлж байгаа болов уу гэж найдаж байна.

- Хүн хүсвэл анх боломжгүй мэт санагдсан зүйлээ ч хийж чаддаг. 

- Хайртай Монгол орноо хамгийн чинээлэг, хамгийн аз жаргалтай, хамгийн гоё, амьдрахад хамгийн тухтай улс болгоё. Үүний тулд үр хүүхдээ өндөр боловсролтой, зөв том амбицтай, сайн хүн болгож өсгөх зайлшгүй шаардлагатай.

- Эцэг эхчүүд бид өөрсдөө хичээх ёстой.

- Төр нь зөв бодлого гаргаж, улс орноо залуурдаад явах ёстой.

- Одоо дотроо биш гадагшаа өрсөлдөе.

  • Зорилготой бай
  • Зоригтой бай
  • Зогсолтгүй бай /Ч.Ганхуяг/

Зургийг "Монгол TV"-ийн фэйсбүүк хуудаснаас...

Зургийг "Монгол TV"-ийн фэйсбүүк хуудаснаас...