НЬЮ-ЙОРК. /CNBC/. Америкийн “Apple” компани шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх стратегиа өөрчилж, 2021 оноос эхлэн “iPhone” ухаалаг гар утасныхаа шинэ загварыг жилд хоёр удаа гаргаж магадгүй гэж CNBC телевиз “JP Morgan” компанийн шинжээч Самика Чаттержигийн мэдээллээс иш татан уламжилжээ.

Зургаан сарын мөчлөг нь “Apple” компанийг жилийн турш ухаалаг гар утас үйлдвэрлэдэг бусад үйлдвэрлэгчтэй өрсөлдөх, мөн төхөөрөмжүүддээ шаардлагатай өөрчлөлт хийх боломж олгоно гэж “JP Morgan” компанийн шинжээч хэлсэн байна.

Түүний үзэж буйгаар, 2020 оны есдүгээр сард “Apple” компани “iPhone”-ий дөрвөн шинэ загварыг нэгэн зэрэг танилцуулна. 5.4, 6.1 болон 6.7 инчийн OLED дэлгэцтэй эдгээр төхөөрөмж нь 5G сүлжээ дэмждэг байх аж. 2011 оноос хойш “Apple” компани “iPhone” гар утасныхаа шинэ загваруудыг намар танилцуулдаг болсон юм.

1976 онд байгуулагдсан тус компани “iPhone” гар утаснаас гадна, “iPad” таблет, “iMac” компьютер, “MacBook” зөөврийн компьютер, “iPod” хөгжим тоглуулагч болон өндөр технологийн бусад төхөөрөмжүүд үйлдвэрлэдэг. АНУ-ын Калифорни муж улсын Купертино хотод төвтэй “Apple” нь дэлхийн томоохон компаниудын нэг бөгөөд зах зээлийн үнэлгээ нь 1 их наяд 2 тэрбум орчим ам.доллар ажээ.


Эх сурвалж: Монцамэ агентлаг