АНУ-ын “Apple” компани сүүлийн улиралд таамаглаж байснаасаа цөөхөн “iPhone” гар утас худалдаалсан байна. Гэвч гар утасны дундаж үнэ өндөр байсан нь орлогод нөлөөлөөгүй ажээ.

Тус компани зургадугаар сарын төгсгөл хүртэлх гурван сарын хугацаанд 41.3 сая ширхэг “iPhone” гар утас худалдаалсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 1 хувиар өссөн үзүүлэлт юм. Гэвч тус компани үүнээс илүү их гар утас худалдаална гэж таамаглаж байжээ.

Энэ онд “iPhone” гар утасны дундаж үнэ 694 доллар байна гэж шинжээчид таамаглаж байсан боловч уг утасны дундаж үнэ 724 долларт хүрсэн байна.

Өнгөрсөн онд 999 долларын үнэтэй гарсан “iPhone X” гар утас “iPhone” төрлийн гар утаснууд дундаа хамгийн нэр хүндтэй, борлуулалт өндөртэй утсаар тодорчээ. Энэхүү гар утас “Apple” компанийн орлогын өсөлтийг 31 хувьд хүргэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан байна. Үүний зэрэгцээ тус компанийн “App store”, “Apple Music”, “Apple Pay” зэрэг үйлчилгээний бизнес орлогынх нь багагүй хувийг бүрдүүлжээ.

2020 он гэхэд дээр дурдсан үйлчилгээний бизнесүүд компанид 14 тэрбум долларын орлого оруулах төлөвтэй байна гэж “Apple” компанийн гүйцэтгэх захирал Тим Күүк мэдэгдлээ.
 


Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг