ЛОНДОН. /BBC/. АНУ-ын сансрын нисгэгчдийн суусан “Apollo 11” сансрын хөлөг сар руу хөөрсний 50 жилийн ойн өдөр сар хэсэгчлэн хиртжээ.

Нар, сарны хооронд дэлхий орсны улмаас тохиодог уг үзэгдэл Их Британид орон нутгийн цагаар мягмар гарагийн 22:30 минутын орчимд ажиглагдсан байна. 


Нил Армстронг, Базз Олдрин, Майкл Коллинз нарын суусан “Apollo 11” хөлөг 1969 оны долдугаар сарын 16-нд хөөрч, дөрвөн хоногийн дараа Н.Армстронг саран дээр буусан анхны хүн болж байсан билээ.

Зөвхөн тэргэл сартай шөнө харагддаг сарны хиртэлт Европын орнуудад мөн ажиглагдсан байна. Сарны дараагийн хэсэгчилсэн хиртэлт 2021 оны 11 дүгээр сарын 19-нд болох ажээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг