Зураач Осип Браз 1898 онд энэрэнгүй үзэлт зохиолч Чеховын хөргийг ийнхүү зуржээ. 

Нийгмийн хар бараан дэвсгэр, бүүдгэр манан дундаас амьдралын гэрэл гэгээг олж харсан авьяас билигт зохиолч билээ. Тэр богино бичнэ. Богино тусмаа авьяас, ур чадвар нэхэж өгүүллэгийн төрөлд үнэхээр онцгойрч чадсан юм. Дорд ядуусын гунигт тавилангаас хүний нинж сэтгэлийг олж хардаг, өрөвдөн хайрлах сэдэл төрүүлдэг түүний өгүүллэгүүд уншиж дуусаад гүнээ санаа алдахад хүргэдэг. Чехов зөвхөн барлагуудын зовлон гасланг дүрслэгч бус сэтгэлд мэдрүүлэгч нэгэн.

Нийгмийн бусармаг явдал, хүний хөгийн зан араншинг илчлэн уудалсан өгүүллэгүүд нь янзтай гоё сатир.  Ёгтлол, егөөдлийнх нь цаана гашуун инээмсэглэл нуугдаж буй. Ёс суртахууны хэм хэмжээ номлохгүй, моралийн асуудлыг хэлэлцэхгүй. Тэр дүрүүдийнх нь байгаа байдал, гаргаж байгаа авир хэн нь хэн бэ гэдгийг хэлээд өгнө. Тайлбаргүй зураг гэдэг шиг, тэр өгүүллэгээ зүгээр л зурж үзүүлдэг. Уншигч өөрөө шүүн тунгаах учиртай. Тиймээс үеийн үед үнэ цэнтэй туурвилд тооцогдож байна. Хүн байгаа цагт асуудал дуусахгүй. Хүн яагаад ийм хөгийн юм бэ гэж бодогдвол өгүүллэгүүдийг нь унших хэрэгтэй.Угаасаа л ийм байсан, хойшид ч ийм л байна. Чеховын өгүүллэгүүд Достоевскийн нүсэр романуудын бичил хувилбар юм шиг. Элдэв философи санаа дурдахгүйгээр амьдралын нүцгэн үнэнийг дэлгэнэ. 

Тэр эмч хүн учраас хүний дотор оношийг тавьдаг шигээ сэтгэл зүйг нь бас онгичино. Зохиолын дүрүүд нь бидний эргэн тойронд үй түмээрээ.

Хувь хүнээр дамжуулан нийгмийн үзэгдлийг дэлгэн харуулж байгаа нь үнэмшилтэй, бодууштай. "Өгүүллэг хэрхэн бичих вэ? гэж асуухад "Бичиж дуусаад эхлэл төгсгөлөөс нь тайрах хэрэгтэй" гэжээ. Өөрөөр хэлбэл элдэв оршил уянгын халилгүй гол санаагаа бушуухан хэл, ямар нэгэн тайлбар олон долоон үггүйгээр үтэр  түргэн дуусга гэсэн үг юмуу даа. Шүүсийг нь сайн шах гэсэн үг.  "Хүний зовлон шаналалыг олж харахдаа Чехов шиг жинхэнэ зураач байна гэдэг нэг хэрэг, Горький маягийн ёс зүйч байх ч тэс өөр хэрэг ээ.

А.П.Чехов бол Пушкинтай эн зэрэгцэн, зохиол бүтээлээс нь анхилж буй төгс зохицлын амьсгалыг түгээж мөнхөд ариун хэвээрээ үлдэх уран бүтээлч юм. Хэн хэн нь дорд ядуу хүмүүсийн тухай бичээд байвч, А.М.Горький тэр хоёрын хооронд асар их ялгаа бий.

XXI зуунд Орос орон одоогийнхоосоо хавьгүй хүчирхэг, чухаг орон болно гэж би найддаг. Тэр цагт Горькийгоос ердөө нэр л үлдэнэ, харин А.П.Чехов бол хусан төгөл, шингэх нар, уран бүтээлд шимтэх тэмүүлэл хэд наслах вэ, тийн мөнхрөх нь лавтай." гэж  Владимир Набоков бичжээ. Үнэхээр л тийм аж. Оросын нэрт зохиолч, утга зохиол судлаач Набоков төрөлх орныхоо зохиолчдоос Гоголь, Чехов хоёрыг л ихэд өндөр үнэлсэн байдаг билээ.

"Анагаах ухаан бол миний албан ёсны эхнэр, харин утга зохиол бол миний нууц амраг" гэж хэлсэн аж. Эмч мэргэжилтэй ч утга зохиолд  хорхойсч дэлхийд нэр алдраа дуурсгасан өгүүллэг, жүжгийн их мастер зохиолч маань "нууц амраг"-таа насан туршдаа үнэнч явсны үрээр гайхалтай туурвилууд хойч үедээ үлдээжээ