Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд, хатагтай Ж.Гаалтыг эх орон руугаа буцах гэж буйтай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа.

Монгол Улс Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдахыг АНУ тууштай дэмжиж, шийдвэр гаргахад гол үүрэг гүйцэтгэсэнд талархал илэрхийлж, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө байна гэдгээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэллээ.

Бүрэн эрхийн 2.5 жилийн хугацаанд улсаа хүнс экспортлогч орон болох суурийг тавих, Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх зэрэг олон асуудлыг шийдэхийг зорьж байгаа бөгөөд АНУ-ын тал дэмжиж байгаад талархал илэрхийлэв.

Өнгөрсөн хугацаанд АНУ нь Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх чиглэлээр хамтран ажиллаж ирсэн бол одоо эдийн засгийн хамтын ажиллагаанд голлон анхаарч байгааг Элчин сайд тэмдэглэв.

Олон улсын валютын сангийн хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх нь Монгол Улс эдийн засгаа сэргээн тогтворжуулах, өсгөх боломж гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

Мөн тэрээр Монгол Улс энхийг сахиулах ажиллагаанд хувь нэмрээ оруулж байгаад Элчин сайд талархаад цаашид инженерийн ротын чадавхийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. Улаанбаатар хотын усан хангамжийн системийг сайжруулах, Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэхэд АНУ хамтран  ажиллана гэдгийг онцолсон юм.