ВАШИНГТОН. /TASS/. Дунд болон ойрын тусгалтай пуужин устгах тухай Орос-Америкийн гэрээнээс АНУ наймдугаар сарын 2-ны баасан гарагт албан ёсоор гарна гэж тус улсын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал хариуцсан туслах Жон Болтон Вашингтон хотноо “Залуу Америк” консерватив сангийн оюутнуудын бага хуралд үг хэлэхдээ мэдэгджээ.

Энэ баасан гарагт АНУ албан ёсоор гарснаар Дунд болон ойрын тусгалтай пуужин устгах гэрээ албан ёсоор хүчингүй болно” гэж Болтон мэдэгдсэн байна.

Тэрбээр мөн Стратегийн давшилтын зэвсэглэлийг хорогдуулах, хязгаарлах Орос-Америкийн гэрээний /албан бус нэр нь СНВ-3/ хугацааг сунгах магадлал бага хэдий ч Вашингтоны засаг захиргаа энэ асуудлаар одоогоор ямар нэг шийдвэр гаргаагүй байгаа болохыг мэдээлжээ.

2010 онд баталсан СНВ-3 гэрээ анхнаасаа хангалтгүй байсан. Уг гэрээ нь ойрын тусгалтай тактикийн цөмийн зэвсэг болон Оросын шинэ системийг хамраагүй. Гэрээний хугацаа 2021 оны хоёрдугаар сард дуусна. Энэ талаар одоогоор шийдвэр гаргаагүй байна. Гэхдээ сунгахгүй байх” гэж Болтон хэлсэн байна.  

АНУ-ын эрх баригчид хоёр талын гэрээнээс татгалзах цаг нь ирсэн гэж үзэж байгаа бөгөөд зэвсэглэлд хяналт тавих асуудлаар ОХУ болон БНХАУ-тай тохиролцох хүсэлтэй байна гэж тэрбээр онцлон тэмдэглэжээ.


Эх сурвалж: Монцамэ агентлаг