ВАШИНГТОН/РИА Новости/. Куба, Венесуэл, Никарагуа улсын эсрэг АНУ шинэ хориг арга хэмжээ авсан тухай тус улсын Сангийн яам мэдээлжээ.


Хязгаарлалтын арга хэмжээнд Венесуэлийн Төв банк, Никарагуагийн “Corporativo” банк орсон байна. Түүнчлэн Никарагуагийн Төрийн тэргүүн Даниэль Ортегагийн хүү Ортега Мурилльо болон Венесуэлийн Төв банкны тэргүүн Рузза Теран нар хориг арга хэмжээний жагсаалтад багтжээ. 


Мөн Куба улсын тагнуулын албатай холбоотой 5 байгууллагын эсрэг АНУ хориг арга хэмжээ авсан байна. АНУ-ын Ерөнхийлөгчийн аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх Жон Болтоны мэдэгдсэнээр, Куба улсын агаарын тээврийн “Aerogaviota” компани хязгаарлалтын арга хэмжээнд багтжээ


Түүнчлэн Куба улсад төрөл садан нь байдаггүй Америкийн иргэдийн Куба улсад зорчих эрхийг хязгаарлаж байгаа аж. 



Куба улсын эсрэг хориг арга хэмжээ авсан нь Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог дэмжихийг хууль бус явдал гэж үзэж байгаагаас, түүнчлэн хүний эрхийг зөрчиж байна гэж Кубын эрх баригчдыг буруутгаж байгаатай холбоотой аж. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг