Хиймэл оюун ухааны салбарт Орос болон Хятадыг тогтоон барих зорилгоор боловсруулсан стратегийнхаа хураангүйг АНУ-ын Батлан хамгаалах яам өчигдөр нийтэлжээ.

“Бусад орон, тухайлбал, БНХАУ болон ОХУ цэргийн зорилгоор хиймэл оюун ухааны технологид, тэр дундаа олон улсын хэм хэмжээ, хууль, эрх зүйтэй холбоотой асуудлуудыг үүсгэж буй программуудад их хэмжээний хөрөнгө оруулж байна” гэж баримт бичигт дурдсан байна.

“Эдгээр хөрөнгө оруулалт нь манай технологийн болон үйл ажиллагааны давуу талыг үгүй хийх, олон улсын чөлөөтэй, нээлттэй эмх журмыг тогтворгүй болгох аюул учруулж байна. АНУ нь холбоотнууд болон түншүүдийнхээ хамт стратегийн байр сууриа хадгалах, ирээдүйн тулааны талбарт давуу байдал олж авах болон энэ эмх журмыг хадгалахын тулд хиймэл оюун ухааныг зэвсэглэлдээ хүлээж авах ёстой” гэж стратегид онцолжээ.

Баримт бичгийг боловсруулагчдын онцлон тэмдэглэж буйгаар, уг стратеги нь “эсэргүүцэгчид болон өрсөлдөгч нар нь "АНУ-ын хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой үнэт зүйлс, уламжлалд сорилт учруулж байгаа энэ үед тус улсын аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтийг” урагшлуулахад чиглэсэн байна.

Стратегид хиймэл оюун ухааныг хувийн компаниуд, эрдэмтэд болон олон нийт, мөн холбоотон орнуудын Засгийн газар, компаниудын оролцоотойгоор хөгжүүлэх ерөнхий аргыг улсын түвшинд тодорхойлжээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

/AP/