Санхүүжилт нь зогссоны улмаас АНУ-ын Холбооны Засгийн газрын зарим байгууллага буюу Дотоод хэрэг, Зам тээвэр, Хөдөө аж ахуй, Хууль зүйн яам зэргийн үйл ажиллагаа өнгөрсөн бямба гарагаас эхлэн түр зогсоход хүрсэн бөгөөд төрийн албаны олон зуун мянган албан хаагчийг цалингүйгээр ажиллуулах юм уу түр чөлөөлөхөд хүрчээ.

Ингэснээр, гааль болон хил хамгаалах газрын ажилтнуудын цалин хойшлох хэдий ч үүрэгт ажлаа үргэлжлүүлэх шаардлагатай болжээ. Нисэх буудлуудын ажилтнууд мөн адил юм. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ажилтнуудын 80 орчим хувийг гэрт нь хариулах болсон тул цэцэрлэгт хүрээлэн хаагдахад хүрчээ. Гэсэн хэдий ч зарим чухал үүрэгт ажилтнууд ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэнэ. Хүнс ба эмийн хяналтын газрын үйл ажиллагаа түр зогсоход хүрсэн боловч амин чухал үйл ажиллагаагаа мөн үргэлжлүүлнэ.

Харин Холбооны Засгийн газрын 75 хувийг ирэх оны есдүгээр сар хүртэл санхүүжүүлсэн тул Батлан хамгаалах, Хөдөлмөр, Боловсролын яамны үйл ажиллагаанд түр зогсолт хамааралгүй ажээ.

Конгресс зул сарын баярын дараах пүрэв гарагт буюу ирэх оны нэгдүгээр сарын 3-нд дахин хуралдах юм. Тус хурал дээр өнгөрсөн 11 дүгээр сард зохион байгуулсан завсрын сонгуулиар сонгогдсон Конгрессийн шинэ гишүүд тангараг өргөх ажээ. Үүнээс эхлэн Ардчилсан намынхан Төлөөлөгчдийн танхимд олонхийн суудал эзлэх юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хэлснээр, тэрбээр Мексикийн хилийн дагуу хана барих санхүүжилт багтаагүй төсөвт гарын үсэг зурахгүй бөгөөд Засгийн газрын түр зогсолт удаан хугацаагаар үргэлжилж ч магадгүй гэжээ. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, BBC