АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ-ын удирдагчтай хийх хоёр дахь дээд хэмжээний уулзалтдаа оролцохоор Вьетнамын нийслэл Ханой хотын Ной Бай олон улсын нисэх буудалд орон нутгийн цагаар мягмар гарагийн орой 20:58 цагт газардсан байна.

Д.Трампыг Вьетнамын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Май Тянь Дун, Гадаад хэргийн яамны дэд сайд Буй Тхань Сон, Ханой хотын Ардын хорооны дарга Нгуен Дык Чунг, Олон нийтийн аюулгүй байдлын яамны дэд сайд Буй Ван Нам, Ерөнхийлөгчийн тамгын газрын дэд дарга Чу Ван Йем болон Вьетнам улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ха Ким Нгок нар угтан авчээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Вьетнамд айлчлах үеэрээ тус улсын өндөр дээд түвшний удирдагчидтай уулзах юм.

Д.Трамп Вьетнам улсад хоёр дахь удаагаа айлчилж буй нь энэ юм. Тэрбээр өмнө нь 2017 оны 11 дүгээр сард тус улсад албан ёсны айлчлал хийж, Дананг хотод зохион байгуулсан АПЕК-ийн удирдагчдын уулзалтад оролцож байсан билээ. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, VNA